Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 30 /AP/. Газын зурвас дахь дайныг зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах зэрэг 20 зүйл заалт бүхий саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт танилцуулсныг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжжээ.
ХАМАС
бүлэглэлийнхний хүч одоо ихээхэн
суларсан тул өөрийнх нь
болон Б.Нетаньяхугийн
дэвшүүлж буй саналыг хүлээж авахаас өөр аргагүй болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзэж байгаа бололтой.
“Ноён
Ерөнхийлөгч өө, ХАМАС таны төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзах эсвэл хүлээн зөвшөөрсөн мэт дүр эсгэн эсэргүүцэх аваас Израилын
тал энэ ажлыг өөрөө дуусгана.
Энэхүү ажиллагааг амархан эсвэл хэцүү аргаар хийж болно, гэхдээ үүнийг дуусгах болно” гэж Б.Нетаньяху Цагаан ордонд Д.Трамптай уулзсаныхаа дараа хэлжээ.
Катарын Ерөнхий сайд, Египетийн тагнуулын албаны дарга нар Д.Трампын саналыг ХАМАС бүлэглэлийн хэлэлцээ хариуцсан төлөөлөгчдөд
танилцуулсан, тэд одоо зохих
ёсны дагуу хянан үзэж
байгаа гэж энэ талаар мэдээлэл бүхий
эх сурвалж мэдээлсэн байна. Тухайн хүн энэ талаар мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцлахыг хүсжээ.
Эзлэгдсэн Баруун эрэг дэх Палестины засаг захиргааны зүгээс дайныг зогсоох тухай Д.Трампын төлөвлөгөөг
сайшааж, түүний төлөвлөгөөнд дурдсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээ амласан байна. Мөн Египет, Йордан, Индонез, Пакистан, Турк, Катар, Саудын
Араб, АНЭУ-ын засгийн газрууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Д.Трампын
саналыг сайшаажээ.
Хэдийгээр Д.Трамп
энх тайвныг тогтоох чиглэлд
удаан хугацааны турш гаргаж буй
хүчин чармайлтаа дуусгах дөхөж байна гэж
мэдэгдэж байгаа боловч гурав
дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй
дайныг дуусгах магадлал
бүрхэг хэвээр байгаа бөгөөд олон
хурцадмал асуудал байсаар байна.
Бүс нутгийн болон дэлхийн бусад орнуудын зүгээс урт хугацааны энх тайвны
гол тулгуур гэж үзэж буй Палестин
улсыг байгуулах зорилгын талаар саналд
бараг дурдаагүй байжээ.
Уг төлөвлөгөөнд Д.Трампаар ахлуулж, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр зэрэг төлөөлөгчдөөс бүрдсэн Удирдах түр хороо байгуулахаар тусгажээ. Палестины технократуудын хороо иргэний хэргийг хянаж, дараа нь эрх мэдлийг шинэчлэгдсэн Палестины засаг захиргаанд шилжүүлэн өгөх ажээ. Харин палестинчууд болон бүс нутгийн удирдагчид хүлээн авахаас эрс татгалзсан Д.Трампын өмнөх төлөвлөгөөнд тусгасны адилаар Газын зурвасыг орхин явахыг шаардсангүй.
Мөн Израилын тал төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг ХАМАС-т уриалж байгаа боловч Газын зурвас даяар тархсан гэж үзэж буй барьцааны хүмүүсийг ийм хугацаанд багтаан суллахад хүндрэлтэй. Төлөвлөгөөний нарийн ширийн зүйлсийн талаар олон нийтэд мэдээлэх эрхгүй Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, ХАМАС уг саналыг хүлээн авснаар 72 цагийн хугацаа эхлэх ажээ. Саналын дагуу Израилын тал бүх насаараа хоригдох ял эдэлж буй олон зуун палестинчуудыг суллана.
“Бид зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна
гэж бодож байна” хэмээн Д.Трамп
хэлээд “гэхдээ хараахан
дуусаагүй байна. Бид ХАМАС-аар зөвшөөрүүлэх
ёстой” гэж нэмж хэлжээ. ХАМАС
өнгөрсөн хугацаанд Газын бүсийг удирдахаас татгалзана гэж мэдэгдэж
байсан боловч Б.Нетаньяхугийн шаардсаны дагуу зэвсгээ хураалгахаас татгалзсаар ирсэн юм.
Хэрэв ХАМАС саналыг зөвшөөрөхгүй бол тус бүлэглэлийг устгахад АНУ-ын засаг захиргаанаас “бүрэн хэмжээний дэмжлэг” үзүүлэх болно гэж Б.Нетаньяхуд АНУ-ын Ерөнхийлөгч амласан байна. “Энэ бол огт өөр ХАМАС. Удирдлагыг нь гурван удаа устгасан. Тэгэхээр та нар өөр хүмүүстэй харьцаж байгаа” гэж Д.Трамп хэлжээ.