УВС: Элчин сайд Фиона Блайт Хархираа-Түргэний уулсад амьдардаг ирвэсийг хамгаалах тал дээр анхаарахаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-03 10:31:07

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт Увс аймагт ажлын айлчлал хийлээ.


Элчин сайд Фиона Блайт тэргүүтэй албаны хүмүүсийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, англи хэлний багш нарын ур чадварыг үе шаттай нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг богино болон дунд хугацааны гадаад хэлний сургалтад хамруулах саналтай байгаагаа аймгийн талаас тавьсан юм.


Харин Элчин сайд Фиона Блайт Увс аймгийн үзэсгэлэнт байгаль, найрсаг орчинд ирсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, ЕБС-иудад англи хэлний багш, сайн дурын ажилтан ажиллуулах боломжийг судлах, Хархираа-Түргэний уулсад амьдардаг ирвэсийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй ЭСЯ-ны төслүүдэд Увс аймгийг хамруулах боломжийг судлан гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.


Тэрчлэн Элчин сайд Фиона Блайт Увс аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, алслагдсан бүс нутгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсоноос гадна Улаангом сумын ЕБ-ын Цогболбор 1-р сургуулийн англи хэлний танхимаар зочиллоо.

Мөн Английн Чивнинг тэтгэлгийн хөтөлбөрийн төгсөгч Л.Ариунзулын зохион байгуулж буй сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм.



Холбоотой мэдээ