Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд болсон олон улсын тэмцээнүүдээс 135 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд өвөл, зун, паралимпын спортын 27 төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээнд оролцож байна.
Тэд энэ оны есөн сарын байдлаар олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнээс 34 алт, 36 мөнгө, 65 хүрэл, нийт 135 медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв. Үүнийг задалбал насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн бол өсвөрийн нэг алт, хоёр хүрэл, залуучууд нэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Түүнчлэн залуучууд болон насанд хүрэгчдийн ААШТ-ээс 15 медаль зүүсэн байна.
Үндэсний шигшээ багийн тамирчдаас
энэ оны анхны медалийг гүйлтийн цанын олон улсын Б.Ачбадрах авсан. Тэрбээр нэгдүгээр сард Солонгосын Ганвон хотод болсон тэмцээнээс хоёр алтан медаль хүртэж
байв. Тэгвэл отгон медалийг өнгөрсөн амралтын өдөр жүдо бөхийн олон улсын
хэмжээний мастер Б.Гончигсүрэн эх орондоо авчирчээ. Түүний хувьд Чиндаогийн
гранпригийн +100 кг-ын жинд түрүүлсэн юм.