БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-01 16:50:21

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг ойжуулах бөгөөд цаашид 3,000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.


Батсүмбэр сумын нутаг дахь МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвд болсон төслийн нээлтэд “Юхан” корпорацийн Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Чо Минчёл, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Пак Чонху, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон Ойн газар, Төв аймгийн удирдлага, Сум дундын ойн анги, Ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцлоо.


Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь “Юхан” корпорацын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ойн газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.


“Юхан” корпорацын охин компани болох “Юхан Кимберли” компани 2003 оноос Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 10 жилийн хугацаанд 3,250 га талбайд 10 сая мод тарьж ургуулсан. Үүний зэрэгцээ ойжуулсан талбайн арчилгаа, хамгаалал, байгаль орчны боловсрол олгох, нутгийн иргэдийн оролцоог хангах замаар таримал ойн менежментийг сайжруулахаар 20 гаруй жил идэвхтэй ажиллаж байна.


Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд 1978, 1996, 2013, 2017 онд гарсан  түймрийн улмаас 18,000 га талбай өртсөн юм.


Холбоотой мэдээ