Сагсан бөмбөгийн дээд лиг нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-02 10:48:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны шинэ улирлын тоглолт өчигдөр нээлтээ хийлээ.


Тоглолтын өмнө өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” болон “Улаанбаатар Амазонс” багийнхан аваргын бөгжөө гардан авсан бол артистууд уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барив. 2025-2026 оны улиралд 2014, 2019 оны ДАШТ болон “Токио-2020” олимпын наадамд ажилласан олон улсын шүүгч Кинслэй Ожеабуру ажиллаж буйгаараа онцлогтой.


Улирлын нээлтийг “Улаанбаатар Амазонс”, “Пиратес” багийн тоглолтоор эхлүүлсэн бөгөөд лигийн хошой аваргууд өрсөлдөгчөө 77:50-аар буулган авлаа. Уг тоглолтод “Амазонс”-оос Амари 23, Б.Ариунцэцэг 15, Каялэйег Труонг, Б.Болор-Эрдэнэ нар тус бүр 10 оноогоо багтаа тус хүргэжээ. Харин лигт анх удаа оролцож буй “Пиратес”-аас М.Булбул 16, Т.Үлэмж 12, Б.Цацрал 11 оноо авсныг эс тооцвол бусад нь тун хангалтгүй байлаа. Тэд багаараа дөнгөж 22 хувьтай довтолсон нь хожигдлын гол шалтгаан болов.


Тэгвэл эрэгтэйчүүдийн лигийн өнгөрсөн улирлын финалд таарсан “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багийн тоглолтод “Металл”-чууд 70:65-аар хожлоо. Хожсон багаас Кристиан Брэдфорд 27, Ч.Маргад 17, Т.Ууганбаяр 14 оноо авсан бол “Хүлэгүүд”-ээс Б.Барсболд 13, А.Азбаяр 19, Иан Миллер 13 оноогоор багаа тэргүүлсэн ч хожиход хангалттай биш байв.

Үндэсний дээд лигийн дараагийн тоглолтууд энэ сарын 4-нөөс эхлэн Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед Арена”-д дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Хуваарийг хүргэе.

Аравдугаар сарын 4

13:10 цагт: Завхан Бродерс-Хасын Хүлэгүүд /эр/

15:40 цагт: Дархан Юнайтед-Би Си Эйч Найтс /эр/

Аравдугаар сарын 5

13:10 цагт: Аравт-Этүгэн Ирвэсүүд /эм/

15:40 цагт: Сэлэнгэ Бодонс-Монголианс /эр/

Аравдугаар сарын 6

18:10 цагт: Алтан Од-Пиратес /эм/

20:40 цагт: Бишрэлт Металл-Эс Жи АПЭС /эр/

Аравдугаар сарын 7

18:10 цагт: Улаанбаатар Амазонс-АОДЭ Винкс /эм/

20:40 цагт: Дархан Юнайтед-Ховд Шонхорууд /эр/


Нээлтийн фото агшнуудаас хүргэж байна. 
















Холбоотой мэдээ