“Морин хуурын төв” үндэсний морин хуурчдыг бэлтгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:46:01

Дархан-Уул аймаг дахь “Морин хуурын төв” хэмээх сургалтын байгууллага бий болоод 11 дэхь жилдээ ажиллаж байна. Тус төвийг үүсгэн байгуулагчдын нэг ерөөлч магтаалч, морин хуурч н.Дүйнхэрсүрэнтэй ярилцлаа.

-Манай “Морин хуурын төв” ТББ маань 2005 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Дараа нь “Залуучууд” театрын удирдаач морин хуурч МУСТА н.Чинзориг, миний шавь н.Ууганжаргал бид гурав анх ажиллуулж өөрийн гэсэн байртай болоод ажил жигдэрсэн.

-Нэг ээлжиндээ хэчнээн хүүхэд элсүүлж суралцуулпаг вэ?

-Одоогийн байдлаар нийтдээ 30-аад хүүхэд суралцаж байгаа. Ер нь морин хуурчаар сурна гэдэг нь мэргэжлийн талаас нь хөгжүүлж хаана ч очсон морин хуураа тоглодог болж чаддаг нь давуу тал юм. Эдгээрээс мэргэжлийн болж сурах нь мэргэжлээ дагнаад явдаг. Зарим нь өөр мэргэжилтэй болоод ажиллаж байгаа нь гэртээ, албан байгууллагадаа морин хуураа дуугаргаж бусдыг баясгаж явдаг даа. Манайх чинь “Монгол аялгуу” морин хуурын чуулга байгуулахаар ажиллаж байгаа. Морин хуурын сургалт манай Дарханд их сайн хөгжиж үр дүнтэй явагдаж байна. Төвийн эрхлэгч н.Ууганжаргал маань “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн миний шавь.

-Танай төв байгуулагдсанаасаа хойш хэчнээн хүүхэд сурч төгсгөсөн бэ?

-Бараг зуу гаруй хүүхэд суралцаж төгслөө. Манай төвийг төгсөөд Улаанбаатар хотод хөгжмийн сургуульд сурч байгаа хүүхэд ч бий. Ихэнх нь өөр ажил хийж байгаа ч тухайн байгууллагынхаа өмнөө барьдаг морин хуурч болоод улсын уралдаанд ороод байр эзлээд явж байгаа. Төгсөгчдөөс маань Залуучууд теарт ч, Төв аймгийн театрт ч ажиллаж байгаа шавь бий шүү.

-Танай төвийг төрөөс, орон нутгаас хэр зэрэг дэмждэг вэ?

-Дэмжилгүй яахав саяхан гэхэд л аймагт төсөл бичиж оролцоод морин хуур, даралтат хөгжимтэй нь авсан. Энэ бол биднийг, морин хуурчдаа дэмжсэн төрийн хамгийн том дэмжлэг гэж баярлаж явдаг даа гэв.  

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ