Мароккод болж буй жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-03 15:54:31

РАБАТ, 2025 оны аравдугаар сарын 3 /BBC/. Хэвлэлүүд “Z үеийнхний эсэргүүцэл” гэж нэрлэж байгаа, авлигын эсрэг жагсаал Африк тивийн хойд хэсэгт орших Марокко улсад долоо хоног үргэлжилж байна. Лхагва гарагт жагсагчид цагдаагийн хэсэг рүү дайрах оролдлогын үеэр гурван хүн буудуулан амиа алджээ.


Гурван жагсагч амиа алдсан гэдгийг Мароккогийн Ерөнхий сайд Азиз Ахануш пүрэв гарагт баталсан байна. Олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, тэд тус улсын өмнөд хэсэгт орших Агадир хотын ойролцоох Лаклиа хэмээх жижиг хотын цагдаагийн хэсгийг эзлэхийг завдах үедээ буудуулжээ.


Жагсагчид цагдаагийн хуаран руу дайран орж, зэвсэг булаан авахыг оролдсон гэж “Morocco World News” цахим хуудсанд мэдээлсэн байна. Хуаран руу дайрсан жагсагчид хүйтэн зэвсэгтэй байсан, цагдаа нар өөрсдийгөө хамгаалах хууль ёсны эрхийн хүрээнд гал нээсэн гэж Мароккогийн Дотоод хэргийн яам мэдэгджээ.  


Жагсагчид авлига, нийгмийн тэгш бус байдал, мөн хөл бөмбөгийн хоёр тэмцээнд их хэмжээний зардал гаргаж буйг эсэргүүцэж байгаа ажээ. Тус улсад 11 дүгээр сард Африкийн үндэсний цомын тэмцээн, 2030 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хөрш Португал, Испани улсуудтай хамтран зохион байгуулах юм. Жагсаалын үеэр тэд "Манайд цэнгэлдэх хүрээлэн бий. Харин эмнэлэг хаана байна?" хэмээн хашхирцгааж байжээ. 


Агадир хотын эмнэлэгт амаржсан найман эх эндсэн нь эсэргүүцлийн жагсаал эхлэх шалтгаан болсон байна. 


Z үеийнхний эсэргүүцлийн жагсаалууд Марокко даяар өрнөж байгаа бөгөөд сарын өмнө Балбад болсон шиг “Discord” цахим платформоор дамжуулан зохион байгуулж байгаа аж. Мароккод “GenZ 212” нэртэй групп жагсаалыг зохион байгуулжээ. Тус группийг хэн үүсгэсэн нь тодорхойгүй байна. 


Эмх замбараагүй байдлын үеэр 300 шахам хүн, голдуу цагдаа нар (жандармууд) гэмтэж бэртэж, үймээнд оролцсон 400 гаруй хүнийг баривчилсан гэж Дотоод хэргийн яам пүрэв гарагт мэдэгдсэн байна. Жагсагчид 80 орчим төрийн байгууллага, банк, дэлгүүрийг сүйтгэж, улсын өмчийн 300 орчим авто машин болон 175 хувийн машиныг галдан шатаасан эсвэл эвдэж сүйтгэсэн гэж уг мэдэгдэл дурджээ.


“GenZ 212” группийг үүсгэсэн залуус тайван жагсахыг уриалж байна. “Бид жагсаал цуглаанаа тайван явуулж, ямар ч хэлбэрийн үймээн самуун, хүчирхийлэлд хэзээ ч оролцохгүй гэдгийг олон нийт, эрх баригч нарт батлан хэлж байна” гэж тэд жагсаалыг үргэлжлүүлэх эсэх талаар пүрэв гарагт санал хураалт явуулсныхаа дараа мэдэгджээ. Тус группийн 150 мянга орчим гишүүний дийлэнх нь жагсаалыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Эхний өдрүүдэд жагсаалууд тайван болж байсан боловч 10 дугаар сарын 1-ний мягмар гаргаас үймээн самуун эхэлжээ.


Эрх баригчид жагсагчидтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Азиз Ахануш пүрэв гарагт мэдэгдсэн байна. "Засгийн газар үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна. Яриа хэлэлцээ бол асуудлыг шийдвэрлэх, нийгэмд шударга ёсыг хангах цорын ганц арга зам юм" гэж Ерөнхий сайдын хэлснийг "Morocco World News" цахим хуудсанд эш татан бичжээ. 


Жагсагчид мөн Ахануша болон түүний засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа аж. 


Мароккогийн Хаант Улс нь ядуу орон юм. ОУВС-гийн үнэлгээгээр нэг хүнд ногдох ДНБ нь жилд 4200 ам.доллар байгаа нь хөрш Алжир, Тунис улсуудынхаас бага байгаа бол Испани, Португалтай харьцуулахад хэд дахин бага байна.

Холбоотой мэдээ