Боловсролын салбарынхан хандивын аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:48:19

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 9 жилийн дунд сургуулийн Дуу хөгжмийн багш Т.Билэгсайхан мэргэжлээс шалтгаалсан хоолойн хүнд өвчний улмаас БНХАУ-д эмчлүүлэх болжээ. Эмчилгээний зардалд 20-25 сая төгрөг шаардлагатай болсон учир Баянхонгор аймгийн боловсролын салбарынхан түүнд туслах аяныг өрнүүлж байгаа аж.

Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын ажилчид 1 өдрийн цалингаа хандивлахаар болж, мөн ЕБС-ын нийт багш сурган хүмүүжүүлэгчдээ энэ сарын цалингаасаа 10.000 төгрөг хандивлахыг уриалжээ. Мөн Т.Билэгсайхан багшид туслах хувь хүн, албан байгууллагууд тус сумын сургуулийнхантай холбогдож болох юм байна.

Т.Билэгсайхан нь 2 жилийн өмнө өвчний улмаас ханиа алдаж, 4 хүүхэдтэйгээ үлдсэн байна. Жил гаруйн өмнөөс хоолойн өвчин нь сэдэрч, ойр ойрхон эмчилгээ хийлгэх болсон ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа аж. Тиймээс нэн даруй БНХАУ-д нарийн мэргэжлийн шинжилгээнд орж, эмчилгээ хийлгүүлэхгүй бол амь насанд аюултай болохыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ