Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжинө
МОНГОЛЫН МЭДЭЭТөрийн ордонд болж буй Улсын онцгой комиссын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн өвөлжилт, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая мал өвөлжих нь. Бэлчээрийн даацын судалгаагаар бол нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муу байгаа тул сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байгаа аж.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүйтэй холбоотой гэнэ. Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 2 аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд механик аргаар зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлжээ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарчээ.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын онцгой комиссоос мал, амьтны гоц халдварт өвчин гарч буй бүст масс вакцинжуулалт зохион байгуулах, малын эмч нарын үйлчилгээний хөлс, бусад шаардлагатай хөрөнгийн асуудлуудаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, малын хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох, малчид байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас эд хөрөнгө, мал сүргээ олноор нь алдаж, улмаар нөхөн төлбөр авч чадахгүй байгаа тул даатгуулах ажлыг эрчимтэй сурталчилах зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдэв.
Б.Туул