Сүрьеэгээр өвчлөгсөд жил бүр нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-15 12:47:29

ЭМЯ, “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй сүрьеэгийн өвчлөлийг бууруулах зорилготой “Сорьц тээвэрлэлтийн төсөл” Увс аймагт хэрэгжээд жил болох гэж байна.

Энэ хүрээнд төслийн багийн гишүүд хүрэлцэж ирж аймгийн НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн халдвар хяналтын нөхцөл байдал, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, сорьц тээвэрлэлийн төслийн үр дүн, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, заавар зөвлөгөө өгсөн байна. Увс аймгийн хувьд сүрьеэгийн өвчлөл 2008 оноос хойш жилдээ 20 гаруй бүртгэгддэг байсан бол зөвхөн энэ онд 64 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад эрс өсчээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн ихэнх нь өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг нь өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болж байна хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байлаа.

Уг өвчин нь амьсгалын замаар халдварладаг учир өвчлөлийн хувьд хөдөө орон нутаг, тэр дундаа баруун бүс нутагт гаралт харьцангуй бага гарах учиртай аж. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хоттой харьцуулахад хөдөөгийн хүн ам илүүтэй сүрьеэгээр өвчилсөн судалгааны дүн гарчээ. Иймд хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орчин нөхцөл, эм хэрэгслийн хүртээмжийг сайжруулах үүднээс 21 аймагт “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр “Сорьц тээвэрлэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Увс аймгийн НЭ-ийн Сүрьеэгийн тасаг нь хуучны барилга төдийгүй, хавар цас хайлахтай зэрэгцэн дээврээс нь дусаал гоожих зэрэг тулгамдсан асуудал их байдаг аж. Иймд уг тасгийн барилгыг засварлах, орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд олон жил яригдаж буй энэ асуудалд аймаг орон нутгаас анхаарал хандуулах цаг ирээд байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ