Кино урлагийн салбарын 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 10:07:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 29-нд Төрийн ордонд болно.


Энэ тухай ойг тэмдэглэх Ажлын хэсгээс мэдээлэл хийх үеэр “Нэгүн” студийн захирал С.Ангараг ярихдаа, “Ойн хүндэтгэлийн тоглолтод үе үеийн 800 гаруй уран бүтээлч оролцохоор төлөвлөсөн. Мөн 21 аймгийн кино урлагийн салбарын бүтээлчдийг төлөөлөл болгон оролцуулахаар бэлдэж байна. Хүндэтгэлийн тоглолт хоёр хэсэгтэй. Эхлээд Морин хуурын найрал монгол киноны уран бүтээлээс толилуулна. Энэ үеэр тухайн уран бүтээлийн зохиомжит жүжгийг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн “Баянмонгол” чуулгынхан 1970-1980 оны орчимд гарч байсан киноны уран бүтээлээс сонирхуулна. Үүнээс гадна орчин цагийн буюу 2000 оноос хойш олонд хүрсэн киноны дуунуудыг хүргэнэ” гэв.


Монгол киноны өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг хуучны болон орчин цагийн дөрвөн киног өнөөдөр үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн постерын уралдаан зарлаж, 90 жилийн түүхийг эмхэтгэсэн ном гаргахын сацуу монгол киног бүртгэлжлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. 


1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Улсад кино бүтээх үйлдвэр байгуулах тухай зарлиг гарсан түүхтэй.


Тиймээс Монголын кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулсан үйл ажиллагааг  зохион байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг гаргажээ. Тус ажлын хэсгийг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал ахалж, нийт зургаан гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.


Ташрамд дурдахад, Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ний 103 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 11-нийг “Үндэсний кино урлагийн өдөр” болгохоор тогтсон байна. 





Холбоотой мэдээ