ДОРНОД: Сангийн далай нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-10 16:39:40

Чойбалсан, 2025 оны 10 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын заагт, аймгийн төвөөс урагш 240 км зайд Сангийн далай нуур оршдог.


Баруунаас зүүн тийш сунаж тогтсон, зуйван хэлбэртэй, 3 км урт, 2 км өргөн энэ нуур борооны болон хөрсний усаар тэжээгддэг. Нуурын баруун талаас жижиг булаг цутгах бөгөөд нуурын бүх талбайг 40-50 см зузаан давс бүрхсэн байдаг нь сонирхол татна. 


Монгол оронд 170 гаруй давстай нуур байдгаас Сангийн далай нуур томоохонд тооцогдоно. Сангийн далайд 1943-1976 онд Монгол, Зөвлөлтийн хими, геологийн 10 гаруй эрдэмтэн судалгаа хийж, улс ардын аж ахуйд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Тухайлбал, нуураас усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давс гарган авах, хурдас давсыг хэд хэдэн шат дамжуулан боловсруулах аргаар экстра давс гарган авч боломжтой гэж дурджээ. 


Халхын Хэцүү То ван Манжийн өвөрлөгч хошуу ноёнтой 1000 бяруугаар 1000 тэрэг давс солилцох наймаа ярьжээ. Гэтэл Хятад тэрэгчид хол замд хугацаа алдан жил гарсан хойно ирэхэд нь “Хариу барих бяруу өдгөө шүдлэн болжээ. Наймаа таарахгүй боллоо. Одоо ийм их давс хэрэгтэй хэцүү цаг ард хоцорсон учир аваад буцдаа” гэхэд тэд бөөнөөр нь энд нь асгах газар гуйснаар одоогийн энэ Сангийн далай нуур үүссэн гэдэг.

Холбоотой мэдээ