АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР, 2025 оны аравдугаар сарын 26 /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) түүхэн дэх хамгийн томд тооцогдох дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод эхэлж байна.
Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса, Хятадын Ерөнхий сайд Ли Чян зэрэг удирдагчид оролцоно.
Дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн дижитал интеграцчилал зэрэг эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулна. Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрахимын хэлснээр, энэхүү уулзалтыг зохион байгуулснаар дэлхийн түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн гол эдийн засгуудын хооронд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх талбарын хувиар АСЕАН-ы үүргийг улам бэхжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп оролцсоноор Газын зурваст үүссэн нөхцөл байдал зэрэг олон улсын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх боломжтой болж байгааг онцоллоо.
Малайн бүлэг аралд багтдаг Тимор арал дээр Индонезтой хиллэн оршдог Зүүн Тиморыг АСЕАН-ы бүрэн эрхт гишүүнээр албан ёсоор элсүүлэх тухай зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг энэхүү дээд хэмжээний уулзалтаар батлах төлөвтэй байна.
Үүнээс гадна, саяхан хил орчмын мөргөлдөөний улмаас харилцаа нь хурцадсан Тайланд, Камбож хоёр улс харилцаагаа сайжруулах зарчмуудыг тусгасан хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Гарын үсэг зурах ёслолд Д.Трамп байлцах ажээ. Тайландын Ерөнхий сайд Анутхин Чанвиракун тус улсын хаан Маха Вачиралонгкорны (X Рама) эх, хатан Сирикит таалал төгссөнтэй холбогдуулан дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд оролцохоо цуцалжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолыг ням гаргийн өглөө болгон хойшлуулахыг хүссэн бөгөөд тухайн өдөртөө Бангкок руу буцахаар төлөвлөсөн байна.
Малайзийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын хүрээнд “АСЕАН+Нэг” зэрэг хэд хэдэн дагалдах уулзалтууд болно. АСЕАН-ы долоон түнш орон болох Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Орос, АНУ-ын төлөөлөгчид “АСЕАН+Нэг” уулзалтад оролцоно. Мөн “АСЕАН+Гурав” (Хятад, Япон, БНСУ) уулзалт болох юм. Үүнээс гадна, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг Куала-Лумпурт зохион байгуулна.
АСЕАН-ыг 1967 онд байгуулсан бөгөөд өдгөө Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн Зүүн Өмнөд Азийн арван улсыг эгнээндээ нэгтгэж байна. Тус холбооны анхны дээд хэмжээний уулзалт 1976 онд болсон юм. 2025 оны эхнээс АСЕАН-ыг даргалах үүрэг Лаосаас Малайзид шилжсэн байна.
Улаанбаатар