Шүдэнзний үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нэгэн жарныг элээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 23:06:46

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэг 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.  Сэлэнгэ аймагт Монгол Улсад ганцхан байсан Шүдэнзний үйлдвэр байлаа. Он жилийн нугачаанд тус үйлдвэр байхгүй болсон ч түүнийг түшиглэн 1956 онд байгуулагдсан “Бүжинхэн” цэцэрлэг энэ ганц үйлдвэрийг манай аймагт байсан гэдгийг сануулсаар түүхт ойтойгоо золгож байгаа аж.

Нэгэн жарныг элээж байгаа “Бүжинхэн” цэцэрлэгийн ойн баярт аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн БСУГ-ын дарга Д.Загдгочоо болон Сүхбаатар сумын удирдлагууд оролцон үе үеийн эрхлэгч, багш, ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сургуулийн өмнөх боловсролд оруулсан хувь нэмэр, бүтээлч хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Ц.Дэлгэрмаа, Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр багш З.Гэрэлтнаран, Х.Удвал, Ж.Ганчимэг нарыг шагналаа. Мөн аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 4 хүн шагнагдлаа. 

Сүхбаатар сумын “Бүжинхэн” 3-р цэцэрлэг өнөөдрийг хүртэл бидний хойч үе болох олон мянган бяцхан үрсийг зөв хүн болгон төлөвшүүлэх эхлэлийг тавьж, тэднийг асран халамжлах, сурган хүмүүжүүлэх, сайн сурагч болох үүд хаалгыг нь амжилттай сайн тавьж өгч яваагийн бүтээлч хөдөлмөрийн зэрэгцээ ногоон байгууламж “Эко” орчинг хамгийн сайн бүрдүүлсэн хамт олон билээ.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ