Эрүүл мэндийн багц үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 20:50:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дугарын санаачилгаар эрүүл мэндийн багц үзлэгийг Баруун Зуунмод өрхийн эмнэлэг болон Төв аймгийн нутгийн Залуучуудын холбоо хамтран “Дэлхий нийтээр хатгалгаатай тэмцэх өдөр”-ийн хүрээнд Зүүндэлгэр багт  зохион байгууллаа. 

Тухайн орон нутгийн зам тээвэр, бүтээн байгуулалт гэхээс илүү иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээ явуулах нь чухал бөгөөд энэхүү үйл ажиллагааг уламжлалт болгон зохион байгуулна гэдгээ ИТХ-ын төлөөлөгч Н.Дугар хэлсэн юм.

Өдөрлөгт ирсэн хүн бүрт үзлэг хийж байгаа бөгөөд нэг хүнд 100 гаруй мянган төгрөгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн гэдгийг “Баруун Зуунмод” өрхийн эмнэлгээс онцолж байв. Тодруулбал өрхийн эмчийн ерөнхий болон тусгайлсан үзлэг, элэгний вирусийн түргэвчилсэн сорилоор тодорхойлох, ходоодны хеликобактер тодорхойлох шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, захын цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, артерийн даралт хэмжих, зэрэг үйлчилгээнүүд багтаж байгаа аж. Үүнээс гадна “уушгины хатгалгаа өвчин”-өөс сэргийлэх сэдэвт сургалтыг явуулж иргэдийг үнэ төлбөргүй витаминжуулжээ. 

Тус өдөрлөгөөр дамжуулан нийт 90 иргэн хүрч үйлчилсэн бөгөөд цаашид Төв аймгийнхаа бүх иргэнд хүрч үйлчлэхээс гадна өвчлөлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн багц үзлэгт хамруулна хэмээн Төв аймгийн Баруун Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Энхжаргал хэллээ.

Иргэдийн зүгээс эрүүл мэндийн багц үзлэгийг ойроос хүргэсэнд талархаж байв. Учир нь тэр бүр Төв аймгийн нэгдсэн эмнэлгээр үзүүлж чаддаггүй талаар учирласан бөгөөд өөрсдийнхөө эрүүл мэнд ямар байгааг мэдэх бололцоо олгосон эмч эмнэлгийн ажилтан болон ИТХ-ын төлөөлөгч Н.Дугартаа талархсанаа илэрхийлж байсан юм. Улс орны хөгжил эрүүл иргэнээс эхэлдэг болохоор иргэн таныг өөрийнхөө эрүүл мэндийг цаг ямагт хамгаалж байхыг эмч нар зөвлөж байна. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ