Сумдад сэрэмжлүүлэг хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн нийт сумдад сэрэмжлүүлэг хүргүүлэв. Уг сэрэмжлүүлэгт ойрын өдрүүдэд байгалын гамшигт үзэгдэл тохиож, эрс хүйтэрч цас орж цасан шуурга шуурах тухай мэдээг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж байгаа тул сумдын Засаг дарга нарыг онцгой нөхцөл байдал үүсвэл бэлэн байдлын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн алслагдсан сумдад зорчих тээврийн хэрэгсэл зам даваа хаагдах эрсдэл гарч болзошгүй тул тусгай зориулалтын өөрөө явагч техник бүхий байгууллагуудаас дайчлах, бэлэн байлгах урьдчилсан арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэв. Малчидтайгаа байнга холбоотой байж өвс тэжээлээр хангаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлын хэсэг байгуулж байнгын бэлэн байлгахыг даалгалаа. Аймгийн хэмжээнд бэлтгэсэн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306,4 тн өвс, 69 тн тэжээл бэлтгэсэн. Сумдаар авч үзвэл: Дархан сум өвс 40 тн, тэжээл 7 тн, Орхон сум өвс 40 тн, Хонгор сум өвс 88,9 тн, 30 тн тэжээл, Шарын гол сум өвс 37,5 тн, 10 тн тэжээлийг тус тус нөөцөлжээ.
Мөн 2015 онд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 100 тн өвс ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн фондод байгаа бол 22 тн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-нийн агуулахад хадгалагдаж байгаа аж.
Б.Норовсамбуу