Увсын Засаг дарга Тува улсын гавъяат боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг өчигдөр албан өрөөндөө хүлээн авч уулзан, Тува улсын Гавъяат ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
“Д.Батсайхан нь одоогоос 25 жилийн өмнө Увс аймгийн худалдааны байгууллагад орж ажиллаж байх үеэс ОХУ-ын Тува улстай хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2004-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа Тува улсын оюутан залуусыг Улаанбаатар хотноо өөрийн зардлаар сургаж, хамтын ажиллагаа, харилцаагаа улам өргөжүүлж ирсэн. Мөн Тува улсын үе үеийн удирдлагуудтай найрамдалт харилцаа тогтоож, сайн хөршийн харилцааг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллах боломжийг нээж байгааг нь үнэлж энэхүү Засгийн газрын дээд шагнал “Тува улсын гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнаж байна” хэмээн ОХУ-ын Тува улсын ЗГ-ын тэргүүн Ш.В.Кара-оол шагнал гардуулах үеэрээ онцлон хэлсэн байна. Тэрбээр, Орос-Монгол, Тува-Увс-Улаангомын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйг мөн дурьджээ.
Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 16-19-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр Тува улсын Засгийн газарт үндсэн 3 асуудлыг тавьж байгаа аж. Тухайлбал, Улаангом-Кызыл, Кызыл-Улаангом чиглэлийн аялал жуулчлалын маршрут зохиож тухайн аймаг орон нутгийн түүх соёлын тэмдэглэлт баяр ёслолын хөтөлбөр гаргаж хамтран жуулчин солилцож ажиллах, мөн Увс аймгаас ОХУ-ын Тува улсаар дамжуулан Оросын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монголоос ОХУ-д нэвтрэх Хил гаалийн хүнд суртлын асуудал дээр анхаарал хандуулж ажиллах тал дээр санал бодлоо илэрхийлсэн байна.
Увс аймгийн бизнес эрхлэгчид аймаг орон нутгийн удирдлагуудад хилийн бүсийн хүнд суртал, чирэгдлийн талаар удаа дараа санал хүсэлтээ тавьж байсныг ийнхүү Засаг дарга Тувагийн талд уламжилсан байна. ОХУ-ын Тува улсын ЗГ-ын гишүүд, яамдын сайд нар хил, гааль дээр тулгарч буй бэрхшээлийг арилгах, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх тал дээр харилцан санал бодлоо солилцоод зөвшилцөлд хүрчээ.
Б.Батхүү