"Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё" аянд Ханхонгорчууд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-18 15:06:41

Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг газраас үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа "Нэг санаачилга-нэг ажил" аяны хүрээнд "Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё" уриатай аянг орон нутагтаа хэрэгжүүлж байна. Энэхүү аянд тус аймгийн Ханхонгор сумынхан нэгдлээ.

Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Үүнийг нэг нь хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтран ажиллах "Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё" аяны ажил юм. 

Тус байгууллагаас Ханхонгор сумын иргэдэд аяны хүрээнд "Аз жаргалтай гэр бүл" өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгт нийт 40 гаруй иргэд оролцож хүүхдийн хүчирхийллийг устгахад хамтран ажиллахаа илэрхийлж гарын үсэг зурлаа.

"Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё" аяны хүрээнд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоохоор аймгийн хэмжээнд 700 гаруй хүн гарын үсгээ зурж нэгдээд байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ