Үзэсгэлэнт Итали орон дахь үзэх ёстой дурсгалт газрууд

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-01 14:57:22

УЛААНБААТАР, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Газар Дундын тэнгис дэх сэтгэл татам үзэсгэлэнт газар орон болох Итали бол түүх, урлаг, байгалийн тогтцоороо ертөнцийн түмэн олны анхаарлыг татаж, бахархлыг төрүүлсээр ирсэн билээ.


Хайрын хот Венецээс эхлээд Ромын эртний балгасаараа өнгөрсөн ба эдүгээг холбодог өвөрмөц улс болох Италид ирсэн хэрнээ түүхэн дурсгалт газруудыг нь үзээгүй бол та хожмын цагт харамсах болно. Түүх, уран барилгыг огт сонирхдоггүй ч гэсэн, зөвхөн рашаан сувилалд амрахаар ирсэн ч гэлээ заавал очиж үзэх ёстой газрууд Италид олон бий. Эндхийн түүхэн дурсгалт газрууд гэвэл тоо томшгүй олон тул бүгдийг нь тоочих аргагүй. Италийн хотуудаар зугаална гэдэг бол цаг хугацаагаар аялахтай агаар нэгэн бөгөөд хэдэн зуу, мянган жилийн тэртээх түүх сэргэн амилах мэт санагдана. Ромын эзэнт гүрний үеийн уран барилгууд, Сэргэн мандалтын үеийн сүмүүдийг нүдээр үзсэнээр насан туршид үл мартагдах дурсамж үлдэнэ.


Итали бол сонгодог урлагийн, тэр дундаа дуурийн өлгий нутаг хэмээн зарим хүмүүс дүгнэдэг бол зарим нь Сэргэн мандалтын үеийн Европын шинжлэх ухаан, урлаг соёлын төв гэдгээр нь мэддэг, мөн эртний түүхээр нь, ялангуяа Ромын бүгд найрамдах улс, Ромын эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжиж ирснээр төсөөлдөг хүмүүс олон бий.


Европ руу явбал аль улсад очиж амарвал илүү тааламжтай бөгөөд сонирхолтой вэ гэсэн бодол танд төрж байсан байх. Буурал тивд амралтаа өнгөрөөх маш олон хувилбар бий. Финландад очихдоо цанын баазуудад зочилж, буга хөллөн давхина. Германд Октоберфест гэдэг шар айрагны баярт оролцох боломжтой. Их Британид готик загварын уран барилгууд, Шотландын үзэсгэлэнт байгаль, хөл бөмбөг гээд сонирхол татахуйц олон зүйл бий. Австрид очвол Альпийн нурууны алдартай рашаан сувиллын газрууд, тунгалаг талст нуурууд гээд олон. Харин энэ бүх гайхамшгийг нэг дороос үзэж, нүдээ баясган, мэдрэмжээ сэргээхийг хүсвэл шуудхан Итали орныг зорих хэрэгтэй. Итали бол бүх насны хүмүүс өөрсдийн хүсэл сонирхлын дагуу амарч зугаалах, баясан цэнгэх, бясалган бодох бүхий л нөхцлийг бүрдүүлсэн гайхамшгийн орон болой.


Ингээд бүх талаараа төгс гайхамшгийг бий болгосон энэхүү улс дахь түүх соёл, уран барилгын хамгийн үнэ цэнтэй дурсгалт газруудыг танилцуулъя.  


1.Ромын форум


Италийн нийслэл Ром хотын төвд байрлах энэхүү түүхэн талбай бөгөөд эртний Ромын эзэнт гүрний улс төр, худалдаа, шашин шүтлэгийн төв байсан газар юм. Ромын эзэнт гүрэн ид мандан бадарч байх үед Палатин болон Капитолин уулсын хооронд орших энэхүү талбай нь анхандаа ердийн нэгэн зах зээлийн газар байсан бөгөөд хожим нь бүхэл бүтэн хот, улс орны чухал бэлгэдэл болон хувирчээ. Энд маш олон сүрлэг баганууд, ялалтын хаалганууд бий. Эртний Ромын эзэнт гүрний улс төр, нийгмийн амьдрал, худалдаа, шашин шүтлэгийн төв байсан энэ газарт хурал цуглаанууд, шүүх хурлууд явагдаж байв.


Өнөө цагт Ромын их сүр хүчнээс сүм хийдүүдийн баганууд, байшингийн нуранги л үлджээ. Форум байгаа газарт “Дэлхийн хүй” оршдог бөгөөд амьд ба нас барсан хүмүүсийн ертөнцүүдийг хооронд нь холбож, “чимээгүй ертөнц”-өд нэвтрэх үүд хаалга болж байдаг гэнэ. Энд мөн Ром хотыг үндэслэгч Ромулын нас барсан газрыг хар өнгийн дөрвөлжин чулуугаар тэмдэглэсэн байдаг. Мөн эзэнт гүрний зүг бүр тийш чиглэсэн бүх замын эхлэлийн цэг болгож “Алтан бээр”-ийг тэмдэглэсэн нь бий.


Ромын форум бол Италийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг бөгөөд үүнийг үзсэнээр эртний ромчуудын уран барилгын өвийн талаар чамгүй ойлголттой болж, эртний соёлын уур амьсгалд умбана.    


2. Колизей


Ромын эзэнт гүрний ид цэцэглэлтийн үед буюу МЭ I зуунд баригдсан Колизей бол 48 м өндөртэй асар том байгууламж бөгөөд нүсэр том тайзан дээр нь гладиаторуудын цуст тулаан, араатнуудын зодоон болж байжээ.


Энэхүү байгууламж нь ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог бөгөөд тухайн үеийнхээ хамгийн шилдэг технологиор баригдсаны ачаар өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Нуман хаалгануудаас бүрдэх барилгын өвөрмөц бүтэц нь асар их ачааллыг дааж, хүчтэй салхи, гал түймэр, газар хөдлөлтүүдийг тэсвэрлэсээр өнөөг хүрсэн байна.


Хөтөч бүхий аялал нь таныг 2-3 цагийн туршид Эртний Ромын гол дурсгалт газар болох Колизейн эрин үед авчирч, түүний сүр хүчийг мэдрүүлэх болно. Мэргэжлийн туршлагатай хөтчүүд тасалбарыг урьдчилаад захиалаад авах тул оочер дараалалд зогсох цагийг маш ихээр хэмнэнэ. 


3.Пантеон


Ромын хаадын дурсгалд зориулсан энэхүү сүм бол эртний уран барилгын охь дээж мөн. 43 м-ийн голчтой асар том бөмбөгөр дээвэр нь ямар нэгэн нэмэлт тулгуургүйгээр 6 м-ийн зузаан хананууд дээр тогтдог. Маш бат бөх бүтэцтэй тул Пантеон өнөөдрийг хүртэл анхны хийц хэлбэрээрээ байгаа бөгөөд өдгөө сүмийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүний нууц гэвэл, Ромын барилгачид онцгой төрлийн бетонон хольцонд галт уулын хөөс буюу пемза, бичил нүхнүүдтэй уулын хөнгөн чулуулаг болох туфыг хийснээр таазны жинг мэдэгдэхүйц хөнгөн болгожээ.


Энэхүү байгууламжийн яг голд нь 9 м-ийн голчтой асар том цоорхой байдаг байгалийн гэрлийг нэвтрүүлэх зориулалттай ажээ. МЭӨ II зууны үед энэхүү бөмбөгөр дээвэр нь инженерчлэлийн жинхэнэ гайхамшиг байсан бөгөөд мянга гаруй жилийн дараа МЭ XIII зуунд түүнээс дөнгөж 70 см-ээр илүү голчтой байгууламжийг барьжээ.  Асар том барилгын дундуур энергийн хүчтэй урсгал нэвтрэн өнгөрч, аугаа их эзэнт гүрний үеийн уур амьсгалд умбуулна.


Пантеон бол Италийн алдартай хүмүүсийг оршуулсан газар юм. Тэнд зураач Рафаэль Санти, Балдассаре Перуцци, Аннибале Каррачи, Перино дел Вага, Таддео Цуккари, уран барилгач Жакомо да Виньола, барималч Фламинио Вакка, хөгжмийн зохиолч, хийлч Арканжело Корелли зэрэг алдартай уран бүтээлчдийн шарилууд бий.


Пантеон бол Италиар аялах бүх экскурсын хөтөлбөрт багтдаг Ромын онцгой дурсгалт газар болой.


Сарын бүрийн эхний ням гарагт Италийн бүх музей ба археологийн дурсгалт газрууд үдийн хоол хүртэл үнэгүй үйлчилдэг тул алдартай дурсгалт газруудад зочлохдоо мөнгөө хэмнэх боломж бий. Гэхдээ үүдэнд нь жуулчдын асар урт дараалал үүссэн байгаа гэдэгт сэтгэлзүйн хувьд бэлэн байх нь зүйтэй.  


4.Треви усан оргилуур


Треви бол Ром хотын хамгийн том усан оргилуур бөгөөд Италийн гол дурсгалт газруудын нэг юм. Неоклассик хийц бүхий барокко хэв маягаар баригдсан энэхүү байгууламж нь үзэсгэлэн төгөлдөр байдлаараа илт ялгарна. Уран барилгын цогцолборын голд нь Нептун бурхныг дүрсэлсэн бөгөөд сүрлэг байдлаар гараа сунгаж, усны давалгааг номхотгож буй мэт харагдана.   


Анхандаа Треви байгаа газраар уулын бэлээс бууж ирж буй цэвэр усыг хуваарилан түгээдэг суваг дайран өнгөрдөг байжээ. Хожим нь энэ газарт усан оргилуур барихаар шийдвэрлэсэн нь гурван гудамжны эх байлаа. Хожим нь уг байгууламжийг trivium гэж нэрлэсэн нь “гурван замын уулзвар” гэсэн шууд утгатай юм. Тревиг барих ажлыг Италийн уран барилгач Никколо Сальви бүхэл бүтэн 30 жилийн турш удирдан гүйцэтгэсэн гэдэг. 


Өдгөө Треви усан оргилуур нь жуулчдын ирэх хамгийн дуртай газруудын нэг болсон бөгөөд зарим хүмүүс дахин дахин ирдэг болой. Усан оргилуурын дэргэдүүр зугаалж буй дурлалт хосууд Треви зоосон мөнгө шидэж, хүслээ шивнэдэг бол тунгалаг ариун ус нь агаарыг цэвэршүүлж, тааламжтай сэрүүн сэргэг орчныг бүрдүүлнэ.


5. Сикстиний сүм 


Зураач, уран барималч Микеланжело Буонарроти /1475-1564/ Сикстиний сүмийн таазыг “Адамыг бүтээсэн нь” хэмээх зургаараа чимжээ. Аугаа зураач ердөө 36 настай байхдаа зурсан энэхүү зургийг үзсэн тухайн үеийн суутнууд урлаг соёлын гайхамшигт сод бүтээл хэмээн хүлээн зөвшөөрсөн бол өнөө үеийн хүмүүс сод зураачийн авьяас чадвараар бахархсаар байна.


1508 онд тэрбээр Ромын Пап II Юлийн хүсэлтээр Сикстиний сүмийн таазыг үеийн үед давтагдашгүй гайхамшигт бүтээлээрээ чимсэн бөгөөд энэхүү ажлаа 1512 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэжээ. “Адамыг бүтээсэн нь” гэдэг фреск зурагт сахиусан тэнгэрүүдээр хүрээлүүлсэн бурхан эцэг Адамыг бүтээж буйгаар дүрсэлжээ. Бурханы гар Адамын гарыг шүргэх шахам байгаа нь Адамд амьдралын эрч хүч хайрлаж буйг харуулсан байна.

Харин энэ гайхамшгийг бүтээхийн тулд Буонаротти эрүүл мэндээ золиосолжээ. Дөрвөн жилийн хугацаанд өдөр бүр таагүй байрлалд олон цагийн турш таазны зургийг зурж байх үед хортой будаг нүдэнд нь байнга орж, хордуулсны улмаас тэрбээр сохорсон байна.


Сикстины сүмд “Адам”-аас гадна “Тамаас гэрлийг тусгаарласан нь”, “Нүгэл бууж ирсэн нь”, “Диваажингаас хөөгдсөн нь” гэх мэт Микеланжелогийн олон гайхамшигт зургууд бий. Эдгээр фрекс зураг нь төсөөллөөс давсан гүн гүнзгий утга агуулгатай тул сүмд хийх экскурсыг жуулчдад зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрт оруулсан байна.


Түүнээс гадна энэхүү сүмд Ромын Папыг сонгох үйл явц хэдэн мянган жил уламжлагдан ирсэн шашны нарийн дэгийн дор одоо хүртэл явагдсаар байгаа бөгөөд сүмийн яндангаас цагаан утаа савсах нь шинэ Пап лам сонгогдсоныг илтгэдэг. Иймээс энэ сүм бол католик шашинт мөргөлчдийн хуран цуглардаг онцгой эрхэм газар юм. өгсөн


6.Гэгээн Ангелийн цайз


Эзэн хаан Адрианы зарлигаар 135 онд баригдсан энэхүү тансаг бунханд хааны гэр бүлийн гишүүд, үр удмыг оршуулах ёстой байв. Голын эрэгт сүндэрлэх энэхүү байгууламж нь дэргэдүүр нь өнгөрч буй хөлөг онгоцны зорчигчдын анхаарлыг өөрийн эрхгүй татна.


“Гунигийн цайз”-ын анхны хэлбэр хийц нь өмнөхөөсөө тэс ондоо байжээ. Эх сурвалжуудад тэмдэглэснээр р, уг барилгыг цагаан гантигаар бүрсэн бөгөөд хэсэг хугацааны дараа ханыг нь улаан туйпуугаар өнгөлжээ. Хожим нь цайзыг шорон болгож өөрчилсөн ба өнөө цагт Италийн соёлын нэгэн чухал дурсгал болсон байна.  


Тибр голын эрэгт орших дугуй хэлбэртэй энэхүү цайз хэрмийг хожим VI зууны үед тахал дэгдэх үед Гэгээн Ангелийн цайз гэж нэрлэх болжээ. Домогт өгүүлснээр, харанхуйн хүчнүүдээс хамгаалагч архангел Михаил илдээ хуйнд нь хийж буйг Ромын Пап Григорий өндөрлөг дээрээс хараад, аюулт өвчин төгсгөл болж, шинэ амьдрал эхэлж байна хэмээн бэлгэдсэн гэдэг.


7. Венецийн их суваг


Canal Grande  буюу Их суваг бол Венец хот, Итали орныг тодорхойлох хамгийн алдартай дурсгалт газруудын нэг мөн. Усан дээр баригдсан энэ хотын дундуур хүмүүс гондола хэмээх завиар зорчих үедээ гүн тэнгэрийн хаяанаас улбар туяа татан үүр цайж, алсын бараа тодрохыг харан баясаж, круассан хэмээх амтлаг давхраат боов идэнгээ шинэхэн чанасан кофе ууж байгаагаар төсөөлөгддөг.


Их сувгийн урт нь 3800 м, өргөн нь 30-50 м бөгөөд нутгийн иргэд усан трамвай ба гондола завиараа хөндлөн гулд зорчино. Хотын зарим оршин суугчид өөрийн гэсэн завьтай бөгөөд хувийн автомашин болгон ашигладаг.  


Их сувгийн өнгө төрхийг мэдрэхийн тулд жуулчид ихэнхдээ гондола завиар зугаалдаг. Сувгийн дагуу Сэргэн мандалтын үеийн уран барилгын хосгүй дурсгалууд байрлана. Олон тооны байгууламжуудын дотроос сувгийн хамгийн нарийхан буюу 48 м өргөн хэсэгт барьсан Риалто гүүр жуулчдын сонирхлыг онцгой ихээр татна. Хотын бэлгэдэл болох нуман хаалган хэлбэртэй чулуун гүүрний уран гоёмсог хийц нь зураачдын онгодыг хөглөж байдаг.


Энэ газрын талаарх домог хууч,  эргийн дагуух дурсгалт газруудын түүхийг мэргэжлийн хөтөч маш дэлгэрэнгүй ярьж өгөх тул эртний хотод очсон мэт сэтгэгдэл танд төрөх бөгөөд усны шуугиан, сэлүүрийн чахрах чимээ нь аяллыг улам романтик дэврүүн болгож, мартагдашгүй дурсамжийг насан туршид үлдээнэ.   


8. Венецийн алдартай гүүрүүд


Венец хот олон тооны сувгууд төдийгүй 400 гаруй гоёмсог гүүрүүдээрээ алдартай. Тэдгээрээс хамгийн эртний бөгөөд хамгийн үзэсгэлэнтэйнь Риальтогийн гүүр болой. Энэхүү гүүр нь худалдааны мухлагуудаар дүүрэн Риальтогийн талбайн яг дэргэд оршино.  Гүүрийг анх 12 дугаар зуунд модоор барьжээ. Гэвч мод нь усанд амархан идэгдэж ялзарч байсан тул чулуугаар дахин барьсан нь өнөөдөр эртний уран барилгын дурсгал болон үлджээ.


Венецийн өөр нэгэн алдартай дурсгалт газар болох “Гунигийн гүүр” хэмээх өвөрмөц романтик нэртэй, барокко хэв маягийн хосгүй бүтээл юм. Үүнээс үүдэн энэ газарт дурсгалт хосууд зугаалдаг байсан гэх ташаа ойлголт бий болжээ. Үнэн хэрэгтээ Венецийн дээд захирагчийн ордон ба шоронгийн дунд орших уг гүүрээр цаазын ял сонссон хэрэгтнүүдийг авч явдаг байсан гэнэ.   


Мушгирсан гоёмсог хээ угалз, торон хаалт бүхий сийлбэртэй цонхнууд, ханандаа гипсэн чимэглэл бүхий явган хүний замын битүү гарц болох уг гүүр жуулчдын анхаарлыг ихэд татдаг.


Та Венецид түр дайраад өнгөрөх байсан ч гэсэн тус хотын гүүрийг заавал очиж үзээрэй. Гол дурсгалт газруудыг үзэхийн тулд 2 цаг 30 минутын хөтөчтэй аялал хангалттай.


9. Гэгээн Маркын сүм


Венец хотын готик загварын уран барилгуудын дундаас эрс ялгардаг дурсгалт газар бол Ариун Маркын сүм юм. Сүмийн барилгын ажил 1096 онд үндсэндээ дуусч, тухайн ондоо багтаан авшиг хүртээн, IX зууны үед Египетийн Александрия хотоос нууцаар зөөн авчирсан гэгээн Маркын шарилыг залжээ. Тус хотыг лалын шашинтнууд довтлон эзлэх үед худалдаачид морин тэргэндээ шарилыг нуугаад дээгүүр нь гахайн махаар хучсан байна. Гахайн махыг цээрлэдэг лалын шашинтнууд тэргийг төдийлөн сайн шалгалгүй өнгөрүүлжээ.


Баяр гуниг хосолсон тэр цаг үед хотын захирагчид, иргэд Маркын сүмд цугларч мөргөл үйлддэг байжээ. Өдгөө цагт дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид ирж, их номлогчийн шарилд хүндэтгэл үзүүлдэг.


10. Пизагийн цамхаг


Жилээс жилд ташуулдан налж, унах аюултай болоод байсан Санта-Мария-Ассунта сүмийн цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болох Хонхтой цамхгийг хадгалан хамгаалахын тулд Италийн Засгийн газар 40 сая долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлжээ. Үүний дүнд цамхаг хөдөлгөөнгүй болж, ойрын 300 жилдээ унахааргүй болсон байна.


Пизагийн цамхгийг сэргээх энэ төсөл нь 10-аад жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Эхлээд геологичид хазайж байгаа цамхгийн хойд хэсэгт малталт хийж, газрыг нь тэгшлэхийн тулд 70 тонн шороог ухжээ. Дараа нь барилгыг тусгай троссоор бэхэлсэн байна. Үүний дараагаар цамхгийг нийт 48 см-ээр эсрэг тал руу нь тэгшилжээ. Эртний энэ байгууламжийн өвөрмөц төрхийг алдуулахгүйн тулд дээрх ажлыг гүйцэтгэгчид цамхагийг бүрмөсөн тэгшлэлгүйгээр үлдээсэн байна. Уг цамхаг одоогоос 800 гаруй жилийн өмнө анх хазайж эхэлсэн гэж үздэг. Цамхгийг засварласнаар 1700 оны үеийн байдалдаа эргэн оржээ.


Пизагийн долоон өнцөгт цамхаг МЭӨ XII-XIII зуунд баригдсан түүхтэй. Барилгыг анхнаасаа тэгш бус газарт, хөрсний чанарыг судлалгүйгээр барьснаас гадна суурийг хийхдээ алдаж тооцоолсон тул он цагийн эрхээр хазайсаар иржээ. Цамхгийн шат 296 гишгүүртэй бөгөөд 55,86 м өндөр. Иймээс энд ирсэн жуулчид дээш авирахын өмнө цүнх болон бусад зүйлсээ хадгалалтын камерт орхихоос гадна экскурсын хугацаа 30 минутаар хязгаарлагдана. Энэ хугацаанд хөтчийн зааврыг чанд мөрдөж, цамхгийн дотор дур зоргоороо ямарваа хөдөлгөөн хийж болохгүй. Түүнчлэн 8 хүртэлх насны хүүхдүүдийг цамхагт нэвтрүүлдэггүй байна.



300 орчим гишгүүрээр дээш авирах тул зүрх судасны, амьсгалын замын өвчтэй хүмүүс, тулгуур хөдөлгөөний аппаратын асуудалтай хүмүүс ийм аяллаас татгалзах нь зүйтэй.


11. Помпей


Эмгэнэлт төгсгөлөөр нь дэлхий дахин мэддэг болсон Помпей хотгүйгээр Италийн түүхэн дурсгалт газруудыг бүрэн дүүрэн дүрслэн харуулах боломжгүй юм.


МЭ 79 оны нэгэн шөнө “галаар амьсгалагч луу” хэмээх Везуви галт уул нойрноос сэрснээр уулын бэлд орших 16 мянган хүн амтай Помпей хот үнс нурманд дарагдаж, оршин суугчид гэр орондоо унтаагаараа үүрд нойрсжээ.

1748 онд эхэлсэн Помпей хотын малтлагын явцад археологичид тус хотын дэд бүтэц маш сайн хөгжсөн байсныг нээн илрүүлсэн байна. Дугариг хэлбэртэй, дээвэргүй амфитеатр, халуун усны газар, вааран эдлэлийн үйлдвэр, цэнгэлдэх хүрээлэн, цэвэр усны суваг, Апполоны сүм, Юпитерийн сүм, Августын сүм зэрэг нь өндөр хөгжилтэй хот байсныг, оршин суугчид өндөр боловсролтой байсныг гэрчилнэ.  Энд мөн янз бүрийн байрлалд хөшиж хөдөлгөөнгүй болсон 13 оршин суугчийг дүрсэлсэн зохиомж бүхий “Олзлогдогсдын цэцэрлэг” бий.


Зөвхөн явган хүний замаар явж Помпей хотыг үзэх боломжтой бөгөөд учир нь, өмнө нь барьсан дүүжин зам байнга болдог газар хөдлөлтийн үеэр эвдэрчээ. Мөн Везуви галт уулын орой дээр гарахын тулд Неаполь хотоос 9 км алхах хэрэгтэй болно. 

Холбоотой мэдээ