Хэнтий аймгийн ихэнх сумд цагаанаар зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-18 17:47:04

Хэнтий аймгийн 11 сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд 2016 оны 11-р сарын 17-20-ны хооронд дээрх бүс нутгуудаар 2-3 удаа цас нэмж орох төлөвтэй байна. 

Ингэвэл Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумд цагаан зудын нөхцөл, Хэрлэн, Батширээт, Дэлгэрхаан, Мөрөн сумд цагаанаар зудархуу нөхцөлд хүрч нийт нутгийн 15 сум буюу 75 хувь нь зудын нөхцөл байдалд шилжих төлөвтэй байгаа юм. 

Аймгийн онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд цаг хүндэрсэн үед хариу арга хэмжээ авах бэлтгэл бэлэн байдалд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Чингис хот, Дархан, Жаргалтхаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Гурванбаян Баян-Овоо, Галшар, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр сумдад цас орж байна. Салхины хурд зүүн хойноосоо 3-10м/секунд, нутгийн өмнөд хэсэг буюу Галшар, Дархан, Хэрлэнбаян-Улаанд зарим үедээ 10-17 м/секунд хүрч явган болон цасан шуурга шуурч байгаа мэдээллийг аймгийн УЦУОША-наас өглөө. 

2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18-19-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 25-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэв.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ