Завханд Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 12.1 мянган мал өвөлжинө

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-11-19 18:20:32

Завхан аймгийн отрын бүс нутагт ХХААХҮЯ, Завханы ЗДТГ, ХХААГ, найман сумын удирдлагууд, малчдын дунд зөвлөлгөөн болж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт 80.6 хувьтай байгааг мэдээлэв.

Төв суурин газрын болон Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн  бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 322, 323-р тогтоол, ХХААХҮЯ-ны сайдын 01 тоот албан даалгавар гарсантай холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын 05, 06 тоот албан даалгаврыг 24 сум, албан байгууллагууд хүлээн авч ажиллаж байна. Тодруулбал аймгийн мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах зорилгоор аймгийн аюулгүйн нөөцөд 224 тн байгалийн хадлан, 32 тн малын тэжээл, 24 сум тус бүр аюулгүйн нөөцдөө 100 тн байгалийн хадлан, 30 тн малын тэжээл бэлтгэх үүрэг хүлээсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 24 сумын хэмжээнд аюулгүйн нөөцөд нийт 2400 тн хадлан, 720 тн малын тэжээл бэлтгэхээс 18 сум аюулгүйн нөөцдөө байгалийн хадлан 1148 тн, тэжээл 116.5 тн буюу өвсний 47.8 хувь, тэжээлийн 16.2 хувийг бэлтгэсэн байна. Аймгийн хэмжээгээр 2016-2017 онд 24 сумын 110 багийн нутаг дэвсгэрт 8.1 мянган малчин өрхөд 3.5 сая гаруй мал өвөлжиж байна.  

71 өрх 80 мянган малтайгаа оторт явах саналаа ирүүлжээ

Завханы Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутаг нь 61.9 мянган га талбайтай, 101 өвөлжөө бууцтай.

Үүний 27 нь чулуун хороотой. Энэ жил ургамлын ургалт дунджаар 5.5 центр га ургацтай байгаа бөгөөд 80.0 мянган мал өвөлжүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Тиймээс аймгийнхаа сумдаас тус бүс нутагт отроор өвөлжих малчин өрх, хүн малын тоог дахин нарийвчлан гаргаж 80.0 мянган толгой малын тоонд багтааж саналаа ирүүлэхийг үүрэг болгожээ. Ингэснээр Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан зэрэг зургаан сумаас 71 өрхийн 167 хүн, 80.0 мянган мал /бод-17.0, бог-63.0/  отроор Багахайрханы аймаг дундын бүс нутагт өвөлжихөөр саналаа ирүүлжээ. Мөн зэргэлдээ аймгуудад бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаас отроор мал орж ирж өвөлжихийг хориглоод байна.

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт

12.1 мянган мал өвөлжинө

Завханы Их-уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай, Хөвсгөл, Баянхонгор,Говь-Алтай, Увс аймгуудад 116 өрхийн 246 хүн, 80.9 мянган мал отроор өвөлжихөөр аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст мэдээлэл ирүүлжээ.

Мөн хилийн зурвас бүс нутагт 120 өрхийн 71.0 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 55 өрхийн 12.1 мянган мал өвөлжихөөр мэдээлэл ирүүлсэн байна. Тухайлбал Завханы Их-Уул, Асгат Баян тэс сумын малчид гэхэд Архангай аймгийн Хангай, Цахир Хойд тэрх, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Галт, Төмөрбулаг гэхчлэн сумдад отроор өвөлжих юм. Харин Завханы Отгон, Шилүүстэй сумдын 14 мянган толгой мал Баянхонгор аймгийн Хүрээ марал, Заг, Баянбулаг Байдраг, Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт тус тус отроор өвөлжих аж.

Сумдад инженерийн хийцтэй худаг гаргах төсвийг шийдэх хэрэгтэйг үүрэгдэв

Завханы 24 сумын малчид, иргэд нийт 22.6 мянган тонно хадлан, тэжээл бэлтгэхээс байгалийн хадлан 21.1 мян.тн,  малын тэжээл 3077.1  тн,  гар тэжээл 769.4  тонныг бэлтгэжээ.

24 сумаас 18 сум аюулгүйн нөөцдөө байгалийн хадлан 1148 тн,  тэжээл 116.5 тонныг бэлтгэжээ. Монгол улсын Засгийн газрын 322-р тогтоолоор батлагдсан аймгийн аюулгүйн нөөцөд шаардлагатай  байгаа 224 тн байгалийн хадлан, 80 тн хивэгийг бэлтгэж  Тосонцэнгэл, Түдэвтэй, Идэр, Улиастай, Тэс, Завханмандал сумдад байрлах улсын нөөцийн газруудад байршуулаад байна.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл хангалтын хүрээнд сумдын аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн бэлтгэл хангалт маш муу байна. Бэлтгэх өвс тэжээлийн хэмжээг ЗГ-ын тогтоолоор баталж ирүүлдэг. Иймд сумдууд ОНХС-саа өвс тэжээл бэлтгэх хөрөнгө мөнгө тусгаж  нөөцлөх. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг гаргах чиглэлээр 2014 оноос Улсын төсвөөс мөнгө хуваарилахаа болиод аймаг, сум нь ОНХС-саа хөрөнгө мөнгө тусгаж худаг уст цэг гаргахыг шаардаж байгаа. Иймээс худаг гаргах сумдууд өөрсдөө орон нутагтаа энэ асуудлаа шийдвэрлэдэг болох хэрэгтэйг аймгийн зарим сумдын удирдлагуудад зөвлөгөөний үеэр үүрэг болголоо.

Б.Мягмарсүрэн

 

 

 

 

Холбоотой мэдээ