Гол зам дагуу хэвтээ болон босоо тэмдэглэгээ байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-21 16:30:40

Хэнтий аймгийн төвөөс Улаанбаатар хотын Багануур дүүрэг хүртэлх 200 км зам нь өндөр даваануудтай, огцом эргэлттэй, замын хэвтээ болон босоо тэмдэглэлүүд байдаггүй нь жолооч, зорчигчид эрсдэлд орох нөхцлийг үүсгэдэг байна.

Аймгийн цагдаагийн байгууллага жолооны авто сургуулиудтай хамтарч хийсэн судалгаагаар дээрх зайнд 296 ширхэг босоо тэмдэг дутуу гэсэн тооцоо гарчээ. Мөн Чингис хотоос Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумруу явах замд нийт 175 тэмдэг дутуу байгааг судалгаагаар тогтоосон байна. Харин Чингис хотын дотор 305 тэмдэг дутуу, хэвтээ тэмдэглэл бүдгэрч арилсан байдал ажиглагджээ.

Ийнхүү замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, хэвтээ тэмдэглэл байхгүйгээс шалтгаалж, 2016 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осол 35, хэрэг 16 удаа гарч, 7 хүн нас барж, 18 хүн хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Эдгээр гэмт хэргийн ихэнх хувь нь магистрал зам дээр гарчээ. Энэ байдлыг харгалзан үзэж, аймаг орон нутгийн төсөвт замын дутуу тэмдэг тэмдэглэгээг хийх 115 сая төгрөгийг эхний ээлжинд суулгаад байгаа юм байна.

Ер нь зам барьсан, засвар хийж буй компаниуд замын тэмдэг тэмдэглэгээ, хэвтээ болон босоо тэмдэглэлүүдийг стандартын дагуу барьж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байдаг. Тиймээс цаашид энэ асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ