Малчдад эд материалын тусламж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-21 21:08:38

Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон учир аймгийн удирдлагууд хэд хэдэн ажлын хэсэгт хуваагдан сумдад ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбатын ахалсан ажлын хэсэг Шарын гол суманд ажиллаж тус сумын Хар чулуут, Хаалгач-д өвөлжиж байгаа нийт 32 өрхийн өвөлжилттэй танилцаж малчдын санал хүсэлтийг сонссон бол аймгийн Улаан Загалмайн хороо хандив өгч, Эрүүл Мэндийн газраас шаардлагатай эм, аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргаж худалдаж авсан хивэг, нүүрс, төлийн элгэвч, нэмнээ, бээлий зэргийг гардуулав. Мөн уг ажлын хэсэг  Хонгор сумын Хонгорын нуруу, Нам даваа, Зэдрийн булаг, Могойн гол, Хүйтний голын малчин өрхүүдээр орж эмнэлгийн болон эд материалын тусламж үзүүллээ.

Энэ үеэр ажлын хэсэгт багтсан аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд малын бэлчээр дэх цасны зузааныг хэмжиж үзэхэд 16 см, нягт нь 0,18 гр см3 байна гэж тодорхойлоод цаашид цасан бүрхүүлийн хэмжээг олон цэгт тодорхойлж дундажийг нь гаргаж аймгийн удирдлагуудад танилцуулна гэв. 2016-2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ