2016 онд 6.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төсөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-13 13:28:33

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Оны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.2 их наяд, буюу ДНБ-ий 29.4 хувь, зарлагын дээд хэмжээг 7,6 их наяд буюу ДНБ-ий 31.4 хувь байхаар баталсан байна. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Хуулийн төсөлд 2015 онд төсвийн орлогыг 6.1 их наяд, зарлагыг 7.3 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Мөн 2016 онд төсвийн орлого 6.9 их наяд байхаар төсөөлсөн хэмээн тухай Сангийн сайд Б.Болор танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар “2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн орлогыг 6.9 их наядаар тооцоолсон байна. Ирэх онд эдийн засгийн хүндрэл улам бүр нэмэгдэх тул энэ хэмжээний орлого орох боломж хомс. Үүнийг хэрхэн бүрдүүлэх вэ” хэмээн тодруулсан.

Уг асуултад Сангийн сайд Б.Болор, Сангийн яам төсвөө боловсруулаад Дэлхийн банк, Олон Улсын валютын сангийн тооцоололтой харьцуулсан. Бараг зөрүү гараагүй. Ер нь сонгуулийн жилүүдийн төсөв өмнөх оныхоосоо 2 дахин нэмэгддэг байсан. Энэ жил Засгийн газар төсвийн хөөсрөлийг бууруулж, аль болох алдагдалгүй төсөв батлахын тул хичээж ажилласан” хэмээн хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн, 2016 онд 6.9 их наяд төгрөгийн орлого төсөвлөсөн нь зүйд нийцэхгүй тул 1 их наяд орчим төгрөгийг хассан горимын санал гаргахыг Сангийн сайдад зөвлөсөн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах нь зөв гэж үзлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ