Д.Батсайхан: Өөр улсын шагнал авна гэдэг бол нэр хүндийн асуудал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-28 12:58:37

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Тува улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Гавъяат ажилтан цолоор шагнагдсан юм. Аяны дөрөөгөө мултлах үед нь түүнтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Тува улсын Гавъяат ажилтан цол хүртсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Би их сургууль төгсөж ирээд 1990 оноос Увс аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны даргаар сонгогдон ажиллах болсон. Тэр үеэс эхлэн Тувагийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоотой худалдаа, бараа солилцооны чиглэлээр хамтарч ажиллаж байлаа. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Тувагийн хоёр Засгийн газрын тэргүүн, гурван Их хурлын даргатай хамтарч ажиллан, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр олон арван ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг. Сая болсон айлчлалын үеэр Тувагийн Засгийн газрын тэргүүн захирамж гаргаж Тува улсын гавъяат ажилтан цолоор намайг шагналаа. Энэ бол Тува, Увс аймаг хоорондын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж өгсөн, илүү сайн ажиллах урам хайрласан шагнал гэж бодож байна. Өөр улсын шагнал авна гэдэг бол нэр хүндийн асуудал юм.

-Айлчлалынхаа талаар товчхон мэдээлэл өгөөч?

-ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон Ш.В.Кара-Оол Увс, Ховд, Завхан аймгийн төлөөлөгчдийг урьж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болсон.

Увс аймаг 596 км газар Тува улстай хиллэдэг бөгөөд энд манай аймгийн зургаан сум хамрагдаж байгаа. Кызыл хот манай аймгийн төвөөс 100-хан км-т оршдог. Иймээс Тува улстай найрсаг хамтын ажиллагаатай байж, бүх талаар хамтарч ажиллан, харилцан туршлага солилцож, нэг нэгэндээ туслаж дэмжих ёстой. Хэрвээ Увс аймаг Тува улсаас цаашаа оросын гүн рүү Новосибирск, Томск, Красноярск, Хакасс улстай хамтарч ажиллахад хүрвэл газар зүйн байрлал нь Тувагаар дамждаг тул тус улстай найрсаг харилцаатай байхаас өөр аргагүй.

-Сумдын дарга нар батламжлагдсан уу, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тань бэлэн болсон биз дээ?

-Бүх сумдын дарга нар батламжлагдаж ажлаа хүлээж аваад байна. Увс аймгийн 19 сумаас 18-д нь МАН ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд сум орон нутгаа удирдахаар болсон.

Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг “Манай Увс” нэртэйгээр боловсруулж бэлэн болгоод байна. Ирэх сарын 1-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм.

-Танд баярлалаа.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ