Гүйцэтгэл удаашралтай байгаа зарим ажлыг яаравчлахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-28 13:24:52

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын хамгийн олон хүн амтай, Сэлэнгэ аймгийн хамгийн том сум болох Мандалд ажиллалаа.

Тэрээр тус сумын өвөлжилтийн байдал болон суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Аймгийн дарга Мандал сумын хүн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ирэх 4 жилийн хугацаанд тус эмнэлгийн тасаг бүрт хийн цогц систем суурилуулах ажлыг хийхээ амласан юм.

Мөн тус эмнэлгийн хувьд тулгамдаад байгаа 5 давхар байрны өргөтгөл, цахилгаан шатны засварын ажлыг хожуу эхэлсэнд зэмлэл өглөө. Энэхүү засварын ажлыг маш яаралтай бөгөөд өвчтөн, үйлчлүүлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр хурдан, чанартай, үр дүнтэй дуусгахыг үүрэг болголоо. Түүнчлэн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан өвчлөл ихсэж байгаа учраас хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч бэлтгэхэд зориулан 10 сая төгрөгийг шийдвэрлэн өгсөн юм.

Мандал сумын ЕББД 3-р сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй, аюулгүй орчинд хэрэгжүүлэх үүднээс түүнд зорилуж 15 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Тус сум дахь усан бассейныг хэвийн ажилд оруулж, орон тооны асуудлыг шийдвэрлэх, “Мөнгөн хараа” чуулгын гадна талбайн засварын ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Үүний зэрэгцээ 960 хүүхдийн хичээлийн шинэ байрыг энэ ондоо багтаан ажил оруулах, шинээр баригдаж байгаа 100, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүдийг улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг гүйцэтгэл удаашралтай байгаа зарим ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг сумын ИТХ-ын дарга Б.Ганболд , Засаг дарга Н.Лхагвадорж нарт үүрэг болголоо.

Түүнчлэн тус сум дахь ахмадын сувиллыг аймгийн ХХҮХ-т харьяалуулах хүсэлтээ гаргасын судалж үзээд шийдвэрлүүлэхэд анхаарна гэлээ. Өмнө нь аймгийн зүгээс тус сувиллын халаалтанд зориулж 6.2 сая төгрөгийг шийдвэрлэсэн билээ. Аймгийн даргатай хамт тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Мандал сумын ИТХ-ын дарга болон тэргүүлэгчид дагалдан явлаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ