Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цастай байх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-29 10:13:27

Ирэх 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, орох хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  хур тунадас орохоор байна. 

Алтайн уулархаг нутгаар, Их нууруудын хотгор: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи шуурганы хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн салбар уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Одоогийн байдлаар нутгийн 20-30 орчим хувьд нь цастай байгаагаас Ховд аймгийн Булган-26см, Алтай-18см, Үенч-20см цастай байна.

Цаашид дээрх 3 сум өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь  нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Иймд сум орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  байгааг анхаарна уу гэж Ховд аймгийн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ