Ерөнхийлөгч В.Путин Холбооны Зөвлөлийн хуралд ээлжит Илгээлтээ тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-12-01 15:56:47

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Холбооны Зөвлөлийн хуралд уламжлалт Илгээлтээ тавина.

Кремлийн Ордны Георгийн танхимд морин цагт эхлэх ерөнхийлөгч Путины Илгээлтийг сонсохоор Оросын Холбооны хурлын  болон Төрийн думын гишүүд, ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлага, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн болон  Дээд шүүхийн гишүүд, Сонгуулийн Төв комиссын гишүүд, амбан захирагчид, шашны төлөөлөгчид, олон нийтийн зүтгэлтнүүд, ХМХ-үүдийн удирдах ажилтнууд байх аж.  

Арга хэмжээг Холбооны улсын мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулна.  

Ерөнхийлөгч Путины  энэ удаагийн Илгээлтийн  агуулгын талаар  сонирхсон сэтгүүлчийн асуултанд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьдын адил дэлгэрэнгүй хариултаас  зайлсхийн,  Илгээлт  "өвөрмөц байх болно" хэмээжээ. 

"Ерөнхийлөгч Путин энэ удаагийн  Илгээлтдээ 2017 онд болох үйл явдлуудыг хөндөхийн зэрэгцээ тус улсад "иргэний нийгмийг" хадгалах нэн шаардлагатай тухай дахин сануулна хэмээн”  Оросын хэвлэлд уламжилжээ. Мөн Өрнөдийн орнуудтай харилцаагаа “зөөлрүүлэх” бодлогын талаар болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамптай холбогдуулан хоёр улсын цаашдын  харилцааны талаар ярих магадлалтай байна.    

Сонирхолтой нь, энэ удаагийн Илгээлтийн бичвэрийг ерөнхийлөгч Путин Аюулгүй байдлын зөвлөлтэй хэлэлцэн тохиролцжээ.  

Орос улсын Ерөнхийлөгч  Владимир Путин  Холбооны хуралд 13 дахь удаагаа  Илгээлтээ тавьж буй юм. Энэхүү  Илгээлт нь  тус улсын түүхэнд Төрийн тэргүүний 23  дахь удаагийн Илгээлт юм. Энэ  уламжлалын эхийг  анх тус  улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцин 1993 онд тавьсан юм.

 Москва хот. А.Огторгуймаа      

Холбоотой мэдээ