Москва хот аялал жуулчлалын салбарын хамгийн сонирхолтой чиглэлээр тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ сарын 9-ний өдөр Москвагийн Олон улсын худалдааны төвд "It is Time for Moscow" гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн IV чуулга уулзалт боллоо.
Арга хэмжээг Москва хотын Эдийн засгийн гадаад харилцааны удирдах газраас дөрөв дэх жилдээ зохион явуулсан. Чуулга уулзалтаар 2018 онд Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион явуулахад Москва хотын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа болон аялал жуулчлал, гадаадын хөрөнгө оруулалтын тухай сэдвүүд байлаа. Хуралд гадаадын 38 орны орос хэлээр гаргадаг 130 хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч оролцсон юм.
Чуулганы бүгд хуралд Москва хотын Засгийн газрын сайд, Гадаадтай эдийн засгаар харилцах газрын тэргүүн Сергей Черемин, Биеийн тамир, спортын газрын тэргүүн Николай Гуляев, Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэд тэргүүн Алексей Конюшков, Биеийн тамир спортын газрын дэд тэргүүн Константин Горяинов, Москва хотын Спорт, аялал жуулчлалын газрын дэд тэргүүн Александр Полинский , “Балчуг” компаний Удирдах зөвлөлийн тэргүүн, ерөнхий захирал Александр Бобылев нар нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
"Энэ чуулга уулзалтад оролцож байгаа төлөөлөгчид орос хэлийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг зүй ёсоор оруулж буй юм. Москва энэхүү орон зайн хэсэг нь юм" гэж Москва хотын Засгийн газрын сайд, Эдийн засаг-гадаад харилцааны газрын дарга Сергей Черемин хэлсэн үгэндээ тэмдэглээд, Москва хотын дарга Сергей Собянины тус чуулганд ирүүлсэн Илгээлтийг уншиж танилцуулсан. Илгээлтэд "Нийтлэг мэдээлэл бол ард түмнүүдийн хоорондын бат бэх, найрамдалт харилцааны илрэл юм. Москвагийн энэ цаг үе бол харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, найрамдлын цаг үе мөнөөс мөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Дараа нь Сергей Черемин хэлсэн үгэндээ, ”Doing Business” –ийн чансаагаар Москва хот сүүлийн таван жилд 64 дүгээр байраа ахиулсан тухай уламжлаад, энэ нь өнгөрсөн хугацаанд Оросын нийслэлд олон эерэг өөрчлөлтүүд гарсныг дахин нотолж байна хэмээн ярьсан. Ноён Черемин Орос улс БРИКС-ийн орнууд дунд хамгийн их хурдацтай хөгжиж байгаа улс гэдгийг цохон тэмдэглэсэн. Тэрээр Москва хот Орос улсын ДНБ-ийн 20 хувийг үйлдвэрлэдэг тухай ч онцолж байлаа.
Орос улсад ялангуяа, Москва хотод аялах хүсэлтэй гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тухай Москва хотын Биеийн тамир спорт, аялал жуулчлалын газрын тэргүүн Николай Гуляев ярьсан. Тэрээр Москва хот жил бүр таван сая гаруй гадаадын жуулчин хүлээж авдаг гэв. Одооноос тус хотын эрх баригчид жуулчдын тав тухтай, аюулгүй орныг бий болгохын тулд : жуулчны цагдаа ажиллуулж эхлээд байгаа тухай ярьсан. 2018 онд болох Хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр жуулчны объектуудын харуул хамгаалалтыг чангатгаж ажиллах бөгөөд 2016 оноос гадаадын жуулчдад зориулж таван хэлээр /орос, англи, герман, франц, хятад/ колл –центр /ярианы төв/туршилтаар ажлуулж байгаа тухай уламжлав. Түүний яриагаар, 2015 онд Москва хотод 17 сая жуулчин ирснээс 5 сая нь гадаадын зочид байв. Мөн сүүлийн жилүүдэд Хятадын жуулчдын тоо гурав дахин өссөн явдал, мэдээллийн ярианы төвийг хятад хэл дээр ажиллуулах болсонтой холбоотой гэлээ.
Сонирхуулахад, 2016 онд Оросын бүс нутгуудаас аялал жуулчлалын салбарт Москва хот чансаагаараа тэргүүлжээ. Энэхүү судалгааг дэд бүтэц, түүх-соёлын хосгүй болоод экологийн хөгжлийн түвшин зэрэг нийт 10 үзүүлэлтээр дүгнэсэн тухай ноён Гуляев уламжилсан.
Түүнээс гадна “National Geographic” суваг телевизийн уламжилснаар, 2017 онд Москва хот дэлхийн аялал жуулчлалын хамгийн сонирхол татахуйц чиглэл байх болно хэмээн хүлээн зөвшөөрчээ.
А.Огторгуймаа. Москва хот.