Сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-12-12 17:29:12

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн профессорын баг, "Балдорж” сангаас хамтран өнгөрсөн баасан гарагт “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа.

СУИС-ийн захирал, Сэтгүүл зүйн профессорын баг тэргүүлэх профессор Э.Сонинтогос хэлэлцүүлгийн салхийг хагалж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн жилийн арга хэмжээг “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” сэдвээр зохион байгуулж байсан бол энэ удаагийнхыг сэтгүүлч гэж хэн бэ, сэтгүүлчийн хөдөлмөр гэж юу вэ гэдэгт төвлөрч хэлэлцэхэд чиглүүллээ. Цахим сэтгүүл зүй, иргэний сэтгүүл, иргэнлэг сэтгүүл зүй гэсэн ойлголт орж ирж буй энэ үед зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа нийтлэл нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэх үү, цаашилбал сэтгүүлчийн хөдөлмөр бүтээл юу болж хувирсан бэ гэх зэрэг асуудлыг тойрч ярилцана” хэмээн онцоллоо.

Хэлэлцүүлгийн голлох илтгэлийг СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн багш, судлаач П.Батхуягийн “Сэтгүүл зүйн шүүмж судлал" сэдвээр тавьсан. Тэрбээр сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл цөөрч, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд хэвлэгдэх нь багассан. Ихэнхдээ шүүмжийг асуудал дэвшүүлсэн нийтлэл гэсэн агуулгад багтааж байгаа нь сэтгүүл зүйн шүүмжийг орхигдуулах нэг шалтгаан болж байна. Шүүмжийн төрлөөр бичдэг хүмүүс байгаа ч оролдлого төдийгөөр энэ төрөл хөгжиж байна. Сэтгүүл зүйн шүүмж нь бие даасан төрөл тул түүнийг орхигдуулж болохгүй юм хэмээн илтгэлдээ өгүүлэв.

"Сэтгүүлч" дээд сургуулийн зөвлөх багш А.Оюунгэрэлийн "Иргэний сэтгүүл зүй ба мэргэжлийн сэтгүүл зүй" сэдэвт илтгэлд өнөө цагт иргэний сэтгүүл зүй нь яах аргагүй нэгэн төрөл болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Анх ханын сонин, ухуулах хуудас, ном товхимол маягаар нийгэмд илэрдэг байсан энэ үзэгдэл хэдийнэ бодитоор сэтгүүл зүйн салбарт өөрийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн гэдгийг дурдав. Харин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид орчин цагийн сэтгүүл зүйд уран яруу үг хэллэг бүхий утга зохиолын шинж чанар ерөнхийдөө арилж, товч тодорхой, тоо баримтад түшиглэсэн барууны сэтгүүл зүй орж ирсэн. Үүний зэрэгцээ иргэний сэтгүүл зүй хүчтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн сэтгүүл зүйг байх ёстой түвшинд нь авч үлдэх хэрэгтэй гэсэн юм.

Мөн үеэр "Зууны мэдээ" сонины сурвалжлагч Б.Энхзаяа, gogo.mn сайтын сурвалжлагч Г.Одгарав, "Өнөөдөр" сонины сурвалжлагч Ө.Бат-Ундрах нарын бүтээлд хийсэн судлаачдын шүүмжийг сонслоо. Тэдгээр сэтгүүлчид нь “Балдорж” сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг өнгөлсөн бөгөөд энэ жилийн шалгаруулалтад дээгүүрт орж магтаал сайшаал хүртсэний зэрэгцээ судлаач, шүүмжлэгч нараар алдаа оноогоо дэнслүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн нийтлэлээ бичих явцад төрийн албан хаагчид Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиа мэддэггүй, хүнд суртал ихтэй, салбарын нарийвчилсан судалгаа дутмаг, хэн нэгэн найз нөхөд, танил талаар нь дамжуулж үргэлжлүүлэн бичихгүй байхыг шаардах зэрэг бэрхшээл тулгарч байсан гэдгийг хэлж байв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогсод Монголын сэтгүүл зүйн хөгжлийг зөв чигт авч явахын тулд их дээд сургуулийн сургалт, арга барилыг эргэж харах, нэр томьёо, үг хэллэгийн хувьд нэгдмэл ойлголтод хүрэх, иргэний сэтгүүл зүйг хариуцлагажуулах, сошиалд тавьж буй бүтээлийг сэтгүүл зүйн төрөл жанр мөн эсэх дээр судалж дүгнэх, Редакторуудын зөвлөл байгуулж редакцийн түвшинд сэтгүүлчийн бүтээлийг чанаржуулах, улмаар олон улсад гарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх, тэгснээр барууны сэтгүүл зүйг нутагшуулах шаардлага үүссэн хэмээн  үзэв.

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ