Баянбулаг суманд цас зарим хэсэгтээ 60 см хүртэл хунгарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-14 22:14:16

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нийт газар нутгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй, нимгэн газраа 20 см, зузаан, хунгар хэсэгтээ 50-60 см-ийн зузаан байна. Тус сумын сүүлийн арван жилийн дунджийг харахад жил бүрийн 12 дугаар сарын сүүлээр цас их хэмжээгээр унадаг аж. Энэ жил энэ байдал давтагдвал өвөлжилтөд хүндрэл учирч мэдэхээр байгааг албаныхан хэлсэн.

Мөн тус суманд гол гол даваануудын зам хаагджээ. Өвсний цан өдрийн наранд унахгүй, үдэш болгож буй тул цаг хатуурах нь хэмээн нутгийн малчид ч ярьж байна. Гэсэн хэдий ч өвлийг өнөтэй давахын тулд хаа хаанаа хичээн ажиллаж, малчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өвс тэжээл бэлдсэн байна.

Сонирхуулахад, Мал тооллогын явцад тооллогын комиссын гишүүд тус суманд ажиллахдаа тоо толгой нь өсч буй янгир ямааны баримжаа тоог гаргажээ. Тэдний ажигласнаар 1500 орчим янгир ямаа байна гэж тоолсон байна. Байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. Янгир ямаа хужиршиж байгаагаас малчны хот руу орж хужир шүү долоох үзэгдэл элбэгшиж байгаа гэнэ. Урьд нь тус сумынхан борооны ус тосох уст цэг, хужир шүү янгирын бэлчээрт байршуулах зэрэг ажлыг хийж байжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ