Багш нар гэнэтийн шалгалтад "бүдэрчээ"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-15 21:42:22

Баянхонгор аймгийн ЕБС-ийн удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг улирагч сард авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус шалгалтын дүн болоод цаашид анхаарч ажиллах ажил, арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтад сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, багш нийт 956 хүн хамрагджээ. Шалгуулагчдыг 20/хөнгөн/:60/дундаж/:20/хүнд/ гэсэн харьцаатайгаар мэргэжлийн түвшинг тогтоосон байна.

Хуралдааны эхэнд Баянхонгор аймгийн БСУГ-ын дарга н.Мөнхбат шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл, дүн мэдээг танилцуулсан. Шалгуулсан 956 хүнээс А үнэлгээг 13, B үнэлгээг 58, С үнэлгээг 110, D болон F үнэлгээг 775 хүн авчээ. Шалгалтын дүнг танилцуулсны дараа БСУГ-ын мэргэжилтэн, "Ерөнхийд нь авч үзэхэд шалгалтын дүн тааруу байгаа ч юун түрүүн баалах, муулах талаас нь авч үзэхгүй баймаар байна. Тухайлбал, 7 жилийн хугацаанд ийм гэнэтийн шалгалт аваагүй, шалгуулагчдын сэтгэл санаа болон шалгалтын бэлтгэл муу байсан" зэрэг шалтгаануудыг дурдаж байв.

Засаг дарга үргэлжлүүлэн, "Энэ шалгалт нь хэн нэг багшийн мууг үзэх гэсэн асуудал огт биш. Хэдийгээр сүүлийн жилүүдэд багагүй хэмжээний ахиц гарсан ч дорвитой байж чадахгүй, боловсролын салбар хангалттай ажиллахгүй байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, өнөөгийн түвшинг тодорхойлох зорилготой байсан. Боловсролын салбар, сургалтын цөм нь багшийн мэдлэг ур чадвараас зайлшгүй шалтгаалах тул тус шалгалтыг цаашид ч тогтмолжуулах шаардлага байгааг харж байна" хэмээн онцолсон.

Хурлын үеэр Эрдэнэмандал ахлах сургуулийн захирал хэлэхдээ, Удирдах албан тушаалтнаас мэргэжлийнх нь түвшин тогтоох шалгалт авах хэр нийцтэй вэ хэмээн асууж байсан бол ЭЕШ-д сурагчдынх нь үзүүлсэн амжилтыг, багшилсан жилийг харгалзаж эл шалгалтын оноонд оруулдаг байх боломж бий эсэхийг өөр нэг сургуулийн захирал асууж байв. Албаныхан хэлэхдээ, багшилсан жил, ЭЕШ дүн зэргийг харгалзаж үзэх эсэх талаар ажлын хэсэг дээр зөвлөлдсөн. Хэлэлцсэний дүнд багш бүрийг ижил гараа, ижил түвшинд шалгаж дүгнэх нь зөв гэдэгт санал нийлсэн гэдгийг хэлэв. 

Тус шалгалтын дүнг үндэслэн багш нарын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх эрэлт хэрэгцээний судалгаа болгож ашиглан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах, багшийн мэргэжлийн ёсзүйгээ сахиж, хариуцлагатай ажиллах механизм болгож ажиллах зэрэг дээр тодорхой шийдлүүдийг ажлын хэсгийнхэн тодорхойлсон.

Хуралдааны төгсгөлд, аймгийн Засаг дарга Мэргэжлийн шалгалтандаа А дүнтэй дүгнэгдсэн нэр бүхий багш нарт нэг сарын цалинтай тэнцэх урамшуулал, F үнэлгээ авсан багш нарын үр дүнгийн урамшууллыг 3 сар хасах тухай захирамж гаргаж байгаагаа танилцуулсан. Энэ нь сайн шалгуулсан багш нарыг урамшуулах, хангалтгүй дүнтэйг нь "цочроох" зорилготойг мөн хэлэв.

Сонирхуулахад, тус шалгалтыг ирэх оны 5 дугаар сард дахин авах бөгөөд мөн шалгалтад дахин тааруу дүн авбал багшлах эрхийн асуудал хөндөгдөнө гэж байна.

                                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ