Шилдэг эмэгтэй өөрийн хөрөнгөөр зоорь барьж ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-16 03:55:46

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбараас 2016 оны шилдгүүдээ тодрууллаа.

Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо жилийн ажлынхаа тайланг гишүүддээ тавьж шилдгүүдээ 9  номинацаар тодруулсан байна. Тухайлбал Бизнесийн шилдгийн шилдэг эмэгтэйгээр багш мэргэжилтэй, газар тариалан эрхэлдэг эмэгтэй Д.Цагаанхүү шалгарчээ. Тэрээр анх 10 сот газраас хүнсний ногоо тарьж эхлэн  өдгөө таван га атар газрыг эдэлбэр болгон төмс хүнсний ногоог 20 жил тасралтгүй тариалж байна.  Мөн 2016 онд Завхан аймагт анхны 80 тонны багтаамжтай бетонон зоорийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулснаар Завханчуудад эрүүл аюулгүй төмс хүнсний ногоогоор бүх л улирлын турш хангагдах боломжийг бүрдүүлжээ.

Харин бичил бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйгээр Завханмандал сумын хүнсний ногоо тарьж борлуулдаг Д.Дагва, худалдааны салбарын шилдэг эмэгтэйгээр Тосонцэнгэл сумын хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэн Г.Уранчимэг, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч шилдэг эмэгтэйгээр Улиастай сумын бизнес эрхлэгч Г.Нурмаа, эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр эм зүйч Б.Баяржаргал, нийтлэг үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэйгээр оёдолчин А.Чимэдцогзол,баялаг бүтээгч шилдэг эмэгтэйгээр Д.Чимэдцогзол,  бүтээн байгуулагч шилдэг эмэгтэйгээр Ц.Ганцэцэг, олон ажлын байр бий болгосон шилдэг эмэгтэйгээр Д.Жавзандулам нар тус тус тодорчээ.

Дашрамд Завхан аймагт давхардсан тоогоор 8000 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бий. Үүний 57  хувь нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн аж.   

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ