Шинэ жилийн баяраар сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-19 22:22:56

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас иргэддээ хандан шинэ жилийн баярын үеэр сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хоёр он солигдох үеэр иргэд ёслолын буудлага хийж баярынхаа арга хэмжээг хөгжөөдөг уламжлалтай. Энэ нь уламжлалт ёс хэдий ч ёслолын буудлага хийх, сүлд модоо өнгийн гэрлээр чимэглэхдээ мэргэжлийн үүднээс хандахгүй бол цахилгаан шугамаас болон стандартын бус пиротехникийн хэрэгслээс болж гал гарч, иргэд гэмтэж бэртэхээс болгоомжлохыг санууллаа.

Мөн иргэдийг стандартын шаардлага хангасан, хэрэглэх заавартай пиротехникийн хэрэгслийг албан ёсны дэлгүүрээс нь худалдан авахыг хүслээ. Ялангуяа сургуулийн сурагчдын шинэ жилийн үеэр өргөнөөр хэрэглэдэг цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас болон хөвөн материалын дээр хаяхгүй байхыг онцгой анхааруулж байгаа юм. Хамгийн гол нь дээрх пиротехникийн хэрэгслүүдийг насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахгүй байхаас гадна ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ санууллаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ