Засаг даргаа намчирхсан гэж үзэн солихоор болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өчигдөр болжээ.
Тус хуралдаанаар сумын засаг даргаа солих шийдвэр гаргасан гэнэ. Цогтцэций сумын Засаг даргаар аймгийн ахмадын хорооны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Бадарч ажиллаж байгаа юм. 11 дүгээр сарын 7-ны өдөр болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар түүнийг сумын Засаг даргаар сонгож улмаар аймгийн Засаг дарга батламжлаад байсан юм. Түүнийг сум орон нутгаа хөгжүүлэх ажлыг дэмжихээсээ илүү намчирхсан үзэл гаргасан хэмээн сумын Засаг даргаас нь огцруулахаар болжээ.
Дээрх хуралдаанаар Ардчилсан намын гишүүн Г.Цог-Өрнөхийг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлэн сонгож аймгийн Засаг даргад батламжлуулахаар болсон байна. Тэрээр 2006-2012 онд Цогтцэций сумын Засаг даргаар, 2012-2016 онд аймгийн Татварын газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Тус сумын ИТХ-д МАН-аас 18, АН-аас 9 төлөөлөгч иргэдийнхээ итгэлийг хүлээн ажиллаж байна.
Д.Мишигсүрэн