“Ард түмэн та хаан” форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:54:07

Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Ард түмэн та хаан” форумыг өчигдөр зохион явууллаа.

Форумаар “Стандартын байгууллага ба аж ахуйн нэгжийн уялдаа холбоо” илтгэлийг “Өнгөлөг трейд” компанийн захирал Т.Цэвээнравдан, “Стандарт хэрэглээ болох нь” илтгэлийг тус хэлтсийн ажилтан Б.Лхагвасүрэн, “Стандарт бидний амьдралд” илтгэлийг Цогцолбор 2-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Ганбат нар тус тус тавьж хэлэлцүүллээ.

Аймгийн Стандарт  хэмжил зүйн хэлтсээс өөрийнхөө ажилчид болоод ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын дунд “Стандарт бидний амьдралд” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, илтгэлийн тэмцээнийг зохион явуулсан байна.

Энэхүү уралдаанд дээрх хүмүүс шалгарч, өөрсдийн илтгэлээ “Ард түмэн та хаан” форумаар хэлэлцүүлсэн юм. Тус форумд төр, хувийн хэвшлийн байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцож, тавигдсан илтгэлүүдийг хэлэлцээд уриалга гаргалаа.

Стандартын ажилтны өдрийг угтаад тус хэлтсийн хамт олон “Сайн үйлсийн төлөө хамтдаа” уриан дор байгууллагаараа аймгийн Улаан загалмайн хорооны гишүүнээр элссэн байна.

“Бусдын сайн сайхны төлөө нэгдэж манай хамт олон баяраа тэмдэглэж байна. Бусад байгууллагууд ч гэсэн хүмүүнлэг үйлсэд хамт олноороо нэгдээсэй” хэмээн Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Ууганбаяр уриаллаа.

Дэлхийн стандартын өдрийг угтаж тус хэлтсээс аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагтай хамтран Улаангом хот доторх замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын шаардлага хангасан эсэхэд үзлэг явуулжээ.  

Энэ жилийн стандартын өдрийг дэлхий нийтээр “Стандарт дэлхий нийтийн нийтлэг хэл” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Стандартын ажилтны өдөр давхар тохиож байгаагаараа ихээхэн онцлог байв.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ