Аймгийн нийт хүүхдийн 73,3 хувь нь цэцэрлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:03:56

Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс  аймгийн нийгэм эдийн засгийн оны эхний 9 сарын  мэдээллийг гаргажээ. Үүнээс боловсролын салбарын мэдээллийг багцлан хүргэж байна.

                             Дунд сургуулийн хүүхдийн тоо нэмэгджээ

Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 16 дунд сургуульд энэ хичээлийн жилд 10.5 мянган хүүхэд суралцаж байгаа нь өмнөх  оны мөн үеэс 437 хүүхдээр өссөн байна.

Энэ хичээлийн жилд 1300 зургаан настан 1 дүгээр ангид  элсэн орсон нь  түрүү жилийнхээс 199 хүүхдээр нэмэгджээ. Мөн 12 дугаар ангид 700 хүүхэд суралцаж байна.  Нийтдээ 370 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг бүлэгт 28 сурагч, нэг багшид 19 хүүхэд ногдож байгаа нь өнгөрсөн оны түвшинд байна. Нийт ажиллагсдын 54.4 хувь нь үндсэн багш байна. Дотуур байранд 980 сурагч амьдарч байна.


     Аймгийн нийт хүүхдийн 73,3 хувь нь цэцэрлэгт хамрагджээ

Aймгийн хэмжээнд  22 цэцэрлэгийн 128 бүлэгт 3.9 мянган хүүхэд хамрагдсан нь  2-5 насны нийт хүүхдийн 73.3 хувийг эзэлж  байна.

 Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 416 хүүхдээр өсчээ. Энэ жил Асгат, Мөнххаан, Баруун-Урт суманд цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орсноор цэцэрлэгийн хүчин чадал түрүү жилийнхээс 8.5 хувиар нэмэгджээ.

Тусгай мэргэжил эзэмшихээр 472 хүүхэд суралцаж байна

Баруун-Урт суманд байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд энэ  хичээлийн жилд 13 мэргэжлээр 472 хүүхэд суралцаж байгаа нь өнгөрсөн оныхоос  55 суралцагчаар нэмэгдсэн байна. Нийт суралцагчдын 90-ээд хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд мэргэжил олгох нэг жилийн сургалтанд 50 хүн хамрагджээ.

   Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Холбоотой мэдээ