102 настай эрдэмтнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 12:22:56

ЛОНДОН./BBC/. Өдгөө 102 настай профессор Дэвид Гудолл Австралийн Перт хотын Эдит Коуэний нэрэмжит их сургуульд цаашид ажиллахаар болжээ.

Өмнө нь сургуулийн захиргаанаас түүнд мэдэгдэл ирүүлж, шинэ оны дараа ажлын өрөөгөө өөрийн амьдарч буй газарт шилжүүлэхийг хүссэн байна. Харин саяхнаас сургуулийн захиргаа энэ шийдвэрээ өөрчилжээ.

Гудолл бол Австралийн хамгийн өндөр настай эрдэмтэн бөгөөд экологийн асуудлаар 70 гаруй жилийн турш судалгаа хийж, 100 гаруй судалгааны бүтээл туурвисан байна.

Тэрбээр Эдит Коуэний нэрэмжит их сургуульд 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан боловч одоог хүртэл кафедртаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг аж. Тэрбээр үүнийхээ төлөө цалин авдаггүй гэнэ.

Энэ хичээлийн жил эхлэхийн өмнөхөн сургуулийн захиргаанаас түүнд ирүүлсэн бичигт “их сургуулийн багш, ажилтнууд таны эрүүл мэндийн байдалд санаа зовниж байгаа учраас та их сургуулийн хотхоноос өөр газарт ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Үүнээс өмнөхөн 102 настай Гудоллын хараа муудсан учраас театрт жүжгийн дүр бүтээж чадахааргүй болоод байжээ.  Дээр нь ийм бичиг ирсэн нь түүний урмыг хугалсан бололтой.

Их сургуулийн захиргаа хотхоны нутагт дэвсгэрт, гэхдээ Гудоллын суудаг байранд ойрхон газарт ажлын өрөө гаргаж өгчээ.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ