Шугам сүлжээнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын “Чандмань-Увс” төрийн өмчит компаниас аймгийн төвийн шугам сүлжээнд холбогдсон газруудыг шугам сүлжээнийхээ бүрэн бүтэн байдлаа дахин шалгахыг анхааруулж байна.
Идэр есийн хүйтэн эхэлсэнтэй холбогдуулан шугам сүлжээнд хөлдөлт үүсвэл газар авахуулахгүйгээр нэн яаралтай засч янзлах шаардлагатай байгаа аж. Энэ өвлийн тухайд урд жилүүдээс илүү их хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа. Улаангомын зарим орон сууц, албан байгууллагуудын шугам сүлжээ хуучирч муудсан тул хөлдөлт үүсэх магадлалтай аж. Хэдийгээр “Чандмань-Увс” төрийн өмчит компанийн хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 гаруй хувьтай хангаж, өнгөрсөн 10-р сард албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гадна орчныхоо шугам сүлжээг шалгаж үзэх албан бичгийг хүргүүлсэн ч гэсэн идэр ес эхлэсэнтэй холбогдуулан дахин сануулж байгаа нь энэ аж.
“Одоогоор 2-р цэцэрлэгийн цэвэр усны худаг болон Бакны 24 айлын орон сууцны цэвэр усны шугам хөлдсөн. Энэ нь орцны хаалга, цонх онгорхой, битүүмжлэлгүй байдлаас болсон” хэмээн “Чандмань-Увс” төрийн өмчит компанийн захирал М.Мөнхөө хэллээ.
Б.Батхүү