УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-27 09:59:29

УИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийн зэрэгцээ Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсоно.

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулахын зэрэгцээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ба “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсохоор товложээ.

Б.Туул

Холбоотой мэдээ