Зэвсэг худалдах хоёр хэлцэл тутмын нэгийг АНУ хийдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-12-27 13:04:42

ВАШИНГТОН./TASS/. 2015 онд АНУ зэвсэг худалдах 40 тэрбум долларын хэлцэл байгуулснаар зэвсэг экспортлогч орнуудын жагсаалтын тэргүүнд бичигдлээ. Энэ тухай АНУ-ын Конгрессын судалгааны албаны бэлтгэсэн тайлангаас иш татан "Нью-Йорк таймс" сонин мэдээлсэн байна.

Тайланд дурдсанаар, зэвсгийн наймааны хоёр хэлцэл тутмын нэг нь АНУ-д ногдож байгаа ажээ. Жагсаалтын хоёрдугаарт 15 тэрбум долларын зэвсэг худалдсан Франц улс орсон бол удаад нь ОХУ болон Хятад улс бичигджээ.

Зэвсэг худалдан авагч гол орнууд бол Ойрхи Дорнодынхон юм. Тухайлбал, Катар улс өнгөрсөн онд гэхэд 17 тэрбум долларын зэвсэг худалдан авах гэрээ байгуулжээ. Удаад нь 12 тэрбумын зэвсгийн наймаа хийсэн Египет, 8 тэрбумын зэвсэг худалдан авсан Саудын Арави орж байна.

Тайланд дурдсанаар, хэдийгээр Ойрхи Дорнодод байдал түгшүүртэй байгаа боловч зэвсгийн худалдааны хэмжээ буурсаар байгаа аж. Тухайлбал, 2014 онд энэ зах зээлд 89 тэрбум долларын зэвсэг борлуулсан бол 2015 онд 80 тэрбум болж буурчээ.

ОХУ-ын худалдаж буй зэвсгийн үнийн дүн 2014 онд 11,2 тэрбум доллар байсан 2015 онд 11,1 тэрбум болж, бараг өөрчлөгдөөгүй байна. Харин Хятад улс 2015 онд 6 тэрбум долларын зэвсэг зарсан нь 2014 оныхоос хоёр дахин өссөн тоо юм.

Одоогоор 2016 оны дүн мэдээ гараагүй байгаа боловч “Дифенс ньюс” цахим хуудсанд бичсэнээр, АНУ-ын Конгресс 45,2 тэрбум долларын зэвсэг худалдахыг зөвшөөрсөн аж. Тус улс 2012 онд 68,6 тэрбум долларын зэвсэг худалдсан нь дээд үзүүлэлт хэвээр байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ