С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгтнүүд 24-25 жил ял эдлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-12-27 13:11:02

Өнөө өглөө 09 цагаас  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад сэтгүүлч, сурвалжлагчдыг шүүх хурал руу оруулахаар дотогш нэвтрүүлэв. Шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдрийн 22.00 цаг хүртэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэн зөвлөлдсөн юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргав.Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд хорихоор болов.

 Харин шүүгдэгч Т.Чимэгээд бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Харин Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноов. Шүүх бүрэлдэхүүн прокуророос гаргасан яллах дүгнлэтийг хэвээр нь буюу  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар яллажээ.

Ийнхүү  шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимэгээд 24 жилийн хорих ялыг онц дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ