С.Зоригийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-12-28 12:54:12

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан  С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн буруутанг тогтоож, шүүх таван өдрийн турш  хаалттай хэлэлцэж, өчигдөр эцсийн  шийдвэрээ гаргав.

Уг хэрэгт холбогдсон Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноолоо. Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон. Гэхдээ энэ хоёрыг  23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр ялласан.Шүүхийн энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчид сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюун нь мэдэгдэл гаргаад байна.

Мэдэгдэлд "Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүх ажиллагааг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг  нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна" хэмээн онцолжээ.

Шүүхийн шийдвэрт эргэлзсэн олон янзын санал бодол ч нийгмийн цахим сүлжээгээр өрнөж, албан ёсны байгууллага, мэргэжлийн хуульчдын тайлбарыг хүлээж байна. Нэн ялангуяа хүний эрхийн төлөө гэх байгууллагууд, нөлөө бүхий хүмүүс, хуульчдын зүгээс ямар ч үг хэлэхгүй байгааг иргэд эрс шүүмжилж байна. Бид тэдгээр олон талт мэдээ мэдээллийг анхааралтай ажиглан, тодорхой байр сууриас мэдээлэх болно. Энэ удаа С.Зоригийн дүү, хохирогч С.Оюуны мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ