Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал байсаар байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-30 15:33:26

Замын цагдаагийн албанаас баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж зөвлөмж гаргажээ.

Тухайлбал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжээр үйлчлүүлэхийг анхааруулсан байна. Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байдаг байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлдэг аж.

Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгджээ. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Холбоотой мэдээ