Тамхи татсанаар таны биед гарах өөрчлөлтүүд

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2017-01-02 13:49:44

ВАШИНГТОН. /msn/. Тамхи татсанаар таны нүүр царай, бие галбирт гарах 12 өөрчлөлтийг судалгаагаар тогтоосон байна.

Тамхи татахад нүдний зовхи хөхөрдөг байна. Учир нь тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол нойр муутай байдаг бөгөөд тамхи татдаг хүн хангалттай нойр аваагүй үед нүдний зовхи амархан хөхөрдөг ажээ.

Тамхичид ярихдаа, тамхинаас хайрст үлд авдаггүй гэдэг боловч тамхи татах нь хайрст үлд гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хэрвээ та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол хайрст үлдээр өвчлөх магадлал 20 хувиар нэмэгдэнэ.

Тамхинд агуулагддаг никотин нь шүдийг шарлуулж, улмаар цаг хугацаа өнгөрөх тусам бор  өнгөтэй болгодог байна.

Тамхи таны арьсыг үхжүүлж, бүүдгэр өнгөгүй харагдуулна. Гэмтсэн арьсыг хамгаалж, нөхөж байдаг С витаминыг тамхи устгадаг байна.

Тамхи татах нь зөвхөн цээжин биеийн хэсэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй биеийн доод хэсэгт хүртэл нөлөөлдөг ажээ. Тамхи татах нь бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийг хүний папиллома вируст /ХПВ/ илүү өртөмтгий болгодог гэдгийг 60 мянга гаруй эмэгтэйг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

Үүний зэрэгцээ тамхи татсанаар нүдний болорт сэв суух магадлал 22 хувиар нэмэгддэг байна.

Турах үед биед язралт үүсдэг гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл тамхи татах нь биед язралт үүсэх бас нэгэн шалтгаан болдог ажээ.

Тамхины утаа нь үсний уйланхайн ДНХ-д гэмтэл учруулдаг учраас тамхи татдаг хүмүүс голдуу шингэн үстэй байдаг.

Тамхины хамгийн том хор хөнөөл нь таныг наснаас чинь илүү хөгшин харагдуулдагт оршино. Үүгээр ч зогсохгүй тамхин дахь никотин нь арьсыг сулруулж, дух, нүд, хүзүү цээж зэрэг хэсгүүдэд үрчлээ үүсгэдэг. Тамхидалт нь насжилтыг хурдасгадаг бөгөөд залуу тамхичид хоёр насаар илүү хөгшин харагддаг байна.

Тамхины бас нэгэн хөнөөл нь биеийн галбирыг эвдэж, цээжин биеийг гулзгай мэт харагдуулдаг байна.

Эдгээр хор хөнөөлөөс гадна тамхи татах нь арьсны хорт хавдар үүсгэх бас нэгэн шалтгаан болдог гэж үздэг. Тамхи татдаг хүмүүсийн арьсан дээр насжилтын толбо гарах магадлал өндөр байдгийн зэрэгцээ хумс нь шарладаг ажээ. Ийм учраас бүгдээррээ тамхинаас татгалзацгаая.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ