“Эгэл энгүй хүмүүн” шагналыг Жав бариачид хүртээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-03 11:48:51

Нийгэмд сайн үйл бүтээгчдийг тодруулан олон нийтэд сурталчилж урамшуулан дэмжих зорилготой лам Б.Ганбаярын тэргүүлдэг “Майдарын эрин сан” ТББ-аас энэ оны “Эгэл энгүй хүмүүн” гэдэг эрхэм хүндтэй шагналаа олноо “Жав бариач” хэмээн алдаршсан Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэн Мижиддоржийн Жавдоржид гардуулж баяр хүргэлээ.

Энэхүү шагналыг өмнөх жилүүдэд тус аймгийн Хот тохижилтын ажилчин Л.Хүрэнбүргэд, аймгийн Онцгой байдлын газрын ажилтан Ц.Батхүү, цусны хүндэт донор Ч.Энхцэцэг нарын эгэл хэрнээ энгүй үйлс бүтээгчдэд олгосон байна.

Баян-Овоо сумын уугуул М.Жавдорж Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгонд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр 24 жил ажиллаад 2008 онд гавъяаны амралтдаа гарч өдгөө Бэрх тосгондоо мал маллан амьдарч байна. 1989 онд анх Бэрхийн уурхайд осолдож, тархиндаа доргилт авсан хоёр хүнийг барьж тусалснаас хойш бариачийн эрдэм чадлыг нь хүмүүс мэдэх болжээ.  

“Намайг ард түмэн өөрсдөө ил гаргасан юм. Тэднийхээ итгэлээр бариа засал хийгээд ингэж явна даа” гэж тэр тун даруухан өгүүлэв. Түүний өвөө торгоны Дамдинсүрэн, ээж Д.Осгондорж нарыг нутгийнхан нь бариач хэмээн хүндэлж ирдэг, Жавдоржийг гуравдахь үеийн бариач гэцгээдэг юм байна. 

“Хаа байсан Увс, Хөвсгөл, Халх гол нутгаас хүртэл хүмүүс ирцгээдэг. Судас барьж гарын мэдрэмжээр өвчнийг тодорхойлж барина. Багцаалдаж баримжаалж барина гэж байхгүй. Ингэж өвчинд шаналж зовсон хүнд эм тариа хийхгүй ч бариа засал хийгээд явуулдаг. Бариулсан хүмүүс маань эрүүл саруул энх тунх болбол тэр л надад том шагнал болдог” гэж Жавдорж бариач ярив.

Жав бариач хатуу тогтсон үнэ тариф хөлс мөнгө нэхдэггүй, баярласан талархсан олныхоо барьсан өглөгийг их бага гэдэггүй юм байна. Түүнд бариулаад таягаа орхиод явдаг хүмүүс олон. Бариулаад хагас жил, жилийн дараа эргэж ирж, эрүүл саруул болсноо харуулах нь ч байна. Ингээд түүнийг сайхан газар орноор явуулъя аялуулъя гэх хүмүүс ч олон, баярласан сэтгэлийнхээ хариуд түүнийг баярлуулъя гэдэг байна. “Тэд маань намайг зөндөө баярлуулдаг аа. Ажил үйл маань дороо сайхан бүтдэг. Харин мал ахуйгаа орхиод олон хоногоор аялж зугаалж явж чаддаггүй” гэж тэр хэллээ.

 “Майдарын эрин сан” ТББ-аас түүнд гардуулсан эрхэм шагналын өргөмжлөлд, “Энгүй зүйл энгийнээс эхэлдэг. Энгүй хэрнээ эгэлхэн хөдөлмөрлөж яваа эрхмүүд бидэнтэй мөр зэрэгцэн байдаг. Орчлон дэлхий өргөн уудам. Орчлонгийн амьтан түмэн янз. Онцгой ачтаны хүчин чадлаар олон амьтан эрүүл энх оршдог. Унаган төрөлх эрдэмт мутрын чадлаар уньсан зүдэрсэн өвчтөн зоныг илааршуулж, уйтгарлаас хагацуулж эрүүлийг бэлэглэгч, уудам энэрэнгүй сэтгэлт увидаст бариач эрхэм Мижиддоржийн Жавдорж танд энэлсэн түмэндээ тус хүргэж яваа энгүй ачлалыг тань биширч энэхүү хүндэтгэлийн өргөмжлөл бичгийг эрхэм танаа өргөн барья” хэмээжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ