Хонконгийн захирагч асныг гэм буруугүй гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-01-03 15:42:13

ХОНКОНГ./TASS/. Хонконгийн Дээд шүүх Хонконгийн засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байсан Дональд Цанг-ийг гэм буруугүй гэж үзжээ.

Өдгөө 72 настай Цанг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хоёр ч хэрэгт холбогдсон байна.

Тэрбээр 2010-2012 онд Шэнжэнь хотод Хятадын нэгэн бизнес эрхлэгчээс тансаг зэрэглэлийн орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, засвар хийлгэснээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй аж. Уг бизнес эрхлэгч телевизийн нэвтрүүлэг цацах тусгай зөвшөөрөл олж авахыг сонирхож байжээ.  

Түүнээс гадна Цанг захирагчаар ажиллаж байх хугацаандаа /2005-2012 он/ өөрийн танил тэрбумтнуудын хувийн нисэх онгоцыг хөлөглөн гадаадад хэд хэдэн удаа аялж, амарч байсан байна. Гэсэн хэдий ч энэ бүхнийг нотлох хангалттай хэмжээний баримтыг мөрдөн байцаагчид олж чадаагүй аж.  

Цанг-тай холбоотой энэ хоёр баримт 2012 онд олон нийтэд ил болсноор дуулиан дэгдсэн юм. Хонконгчуудын ихэнх нь “өндөр албан тушаалын хүн ийм хэмжээний бэлэг сэлт авах нь зүйд нийцэхгүй” гэж эсэргүүцэж байлаа. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх хараат бус комисс мөрдөн шалгалт явуулсан юм.

2014 онд Хонконгийн Дээд шүүх Цанг-ийн орлогчоор ажиллаж байсан Рафаэль Сюй-д 7 жил 6 сарын хорих ял оноожээ. Томоохон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг лоббидож, хариуд нь хээл хахууль авч байсан гэх үндэслэлээр түүнийг шийтгэсэн байна.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ