“Эбола” хүний биед олон сар байдаг байж магадгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
jargal@montsame.mn
2015-10-15 15:40:36

НҮБ. /TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн аюултай өвчин эдгэрсний дараа уг вирус хүний биеийн тодорхой хэсэгт болон бие организмын биологийн шингэнд 9 сар гаруй байдаг байж магадгүй тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Тус байгууллага Сьерра-Леон улсын Эрүүл мэндийн яам болон Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвтэй хамтран шинэ судалгаа явуулсан байна.

“Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчин нь эдгэрсэн хүмүүст хийсэн маш нарийн үзлэг болон клиникийн ажиглалтын явцад цуглуулсан асар их хэмжээний мэдээлэл “Эбола” вирус зарим хүний нүдний цөцгий, үрийн шингэн, эхэс, хөхний сүү болон төв мэдрэлийн тогтолцоо зэрэг биеийнх нь янз бүрийн хэсэгт олон сарын турш байдаг болохыг харуулсан” гэж ДЭМБ-ийн хэвлэлийн мэдээнд онцлон дурджээ.

“Эбола” бэлгийн замаар дамжин халдварлах магадлалтай ч энэ нь маш ховор тохиолдол болохыг ДЭМБ-ын шинжээчид онцлон тэмдэглээд олон нийтийг тайвшруулахыг оролдсон байна. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд үхлийн аюултай өвчний халдвар авч, эдгэрсэн хүмүүстэй “бэлгийн харилцаанд орохоос татгалзаж, бэлгэвч хэрэглэхийг”, мөн ариун цэврийг чанд сахихыг уриалж байгаа юм.

Баруун Африкт “Эбола”-гийн халдвар 2014 оны хоёрдугаар сард тархаж эхэлсэн. Үүнээс хойш уг аюултай вирусийн халдварыг 28500 орчим хүн авснаас 11300 гаруй нь нас баржээ. “Эбола”-гийн халдварын тархалт бараг зогссоныг ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. Тус бүс нутагт халдвар авсан шинэ тохиолдол хоёр дахь долоо хоногтоо бүртгэгдээгүй аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ