Их бүтээн байгуулалтын жил болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-04 10:09:24

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа. Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилтын хүрээнд Сайншанд хотын хэд хэдэн газарт ам метрийг нь 650 мянган төгрөгөөр тооцож орон сууцны барилгыг үргэлжлүүлж  барихаар болов.

Мөн Сайншанд хотын төвийн хуучин  цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж  шинэчлэх, ашиглахгүй байгаа зай талбайг төлөвлөж Соёл амралтын хүрээлэн барьж тохижуулах, иргэд  аж ахуй нэгжүүдийг гаднах барилга байгууламж, өнгө төрхийг өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, зам талбайг сэргээн байгуулах зэргээр тохижилт үйлчилгээний томоохон ажлыг хийхээр төлөвлөлөө.

Орон нутагт ажиллаж байгаа хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, гадаад харилцааг өргөжүүлж хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчин бүрдүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Зөвхөн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Даланжаргалан сум дахь “МАК” компанийн  Хөх цавын цементийн үйлдвэрт Дорноговь аймгийн иргэдийг ажиллуулах талаар тус компанийн удирдлагатай эхний шатны гэрээ хэлцлийг энэ оны өмнөхөн хийсэн байна.

Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ