Өрхийн Эрүүл мэндийн төвийн салбарыг бие даасан төв болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-04 15:11:05

Дархан хотын “Мэдс тоб” Өрхийн эрүүл мэндийн төв нь Дархан сумын 11, 12, 15 дугаар багийн нийт 14 мянган иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж иржээ.

Гэвч 15 дугаар багийн нутагт орших тус Өрхийн эрүүл мэндийн төвийн салбар эмнэлэгт тоног төхөөрөмж хомс учир иргэд хуучин өрхийн эмнэлгийн төвд ирж эмнэлгийн үйлчилгээ авдагаас ачаалал ихэсч хүндрэл учруулдаг байна. Иймд тус 15 дугаар багийн зарим иргэдээс сүүлийн жилүүдэд өөрийн багт байрлах “Мэдс тоб” ӨЭМТ-ийн салбар эмнэлгийг бие даасан “Өрхийн эрүүл мэндийн төв” болгож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад болон аймгийн Эрүүл Мэндийн газарт тавьсаар иржээ. Энэ хүрээнд аймгийн ЭМГ дээрх Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч зардлын тооцоог гаргаж эхний дүгнэлтийг аймгийн Засаг дарга С.Насанбатад танилцууллаа. Тус 15 дугаар багт бие даасан ӨЭМТ-ийг байгуулснаар эмч, ажилтнуудын ачаалал буурч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломж бүрдэх ч гол тулгамдаж буй асуудал нь санхүүжилт юм.

Тодруулбал: шинээр ӨЭМТ-ийг байгуулахад 15 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардагдагдана. “Энэ асуудлыг аймаг анхааралдаа авч иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа.

Дархан хотод бие даасан Өрхийн эрүүл мэндийн зургаан төв ажиллаж байгаа аж.

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ